
Боржигоныхон намрын дунд сарын 15-ны тэргэл сартай шөнө тухайн жилийн өвөл, хаврыг Бага Залаа, Их Угтаал, Баян-уул гээд аль л өндөрлөг дээрээс шинждэг уламжлалтай. Энэ зан үйл хэдэн зууны угшилтайг хэн ч үл мэднэ. Энэ намрын тэр шөнө Бага Залаагийн уулан дээр наяад хүн цугласны дунд хашир малчин, аймаг, сумын засаг дарга, сэтгүүлч, цаг уурч нар тэнгэрийн хаяаг шөнөжин дурандан ном хаялцсаар хоноглолоо. Тэнгэрийн хаяа зарим газраа манан татаж, хаяагаараа нэг үе саруулсаж тэгснээ бүүдийх мэт боловч энэ талын мэдлэггүй хүнд юү ч эс ойлгогдоно. Харин энэ уулан дээр нутгийхантай хорин жил дараалан гарч буй цаг уурч, сэтгүүлч Дамбын Шагдарсүрэн “Шинжлэх ухаанд нотлогдоогүй ч энэ мэргэн буурлуудын таамаглал тун ойролцоо байдаг нь хүлээн зөвшөөрөхөөс арга байдаггүй. Эд нар чинь ганц шөнө хараад л энэ өвөл тэгнэ, ингэнэ гээд хэлчихэж байгаа биш. Бүтэн жилийн ажиглалтаа олон жилийн цаг агаарын үзэгдлүүдтэй жишин нэгтгэн дүгнэдэг. Хэдэн оны хэдэн сарын хэдэнд шуурга тавьсан, хэдэн удаа, хэд хоног шуурсан, хаанаа үүдтэй байсныг гуч дөчин жилээр нь сар өдөр, бараг цаг минуттай нь цээжээр хэлдэг улсыг чинь бишрэхээс яахав. Тэдний толгой яг л компьютер гэсэн үг” гэж өгүүллээ.
Энэ нутагт Борын Галт гэж мэргэн буурал жар далаад онд амьдарч байсныг “Тэнгэр унших хосгүй эрдэмтэй малчин профессор” гэж нэгэн сэтгүүлч тухайн үед нэрлэж байлаа. Түүний эрдмийг өвлөсөн Дарамын Бор, Баасанжав, Дашдорж гээд ахмадуудын таамаглалаар эндхийхэн отор нүүдлийн чигээ гарган олон мянган малаа зуд зурханаас авран хамгаалсан. Тэр шөнө Цагаандэлгэрийнхэн Баян-Уулан дээрээ хоноход дөчөөд хүн цугласан аж. Тэндхийн малчин Н.Ишцэдэн гэхэд “Энэ өвөл их хатуурахгүй. Өвлийн дундуур нэлээд хүйтэрнэ. Зарим газраар цас ахиу унана. Үүд нь урдаа. Энэ бол тодорхой” гэж итгэлтэй ярина лээ.
Ирэх өвлийн араншин зарим шинжээрээ 1987 оных ойртож мэднэ гэж нэгэн буурлын хэлсний маргааш буюу намрын дунд сарын 16-ны шөнө Говь-Угтаалд эхэлсэн цасан шуурга 24 цагийн ойн дээрээ намждаг байгаа. Сумын бэсрэгхэн төв өвдгөөр татсан цасан далайд умбасан ч хоёр хоногтоо багтаад бараг хайлчихав. Үүнийг зарим нь “Зуд зулбачихлаа” гэж олзуурхаж байхад нөгөө хэсэг нь нээрэн 1987 оны анхны их цастай төстай байна гэж түгшсэнээ нуусангүй.
Боржигончууд өөрийн гэсэн хатуу дэг жаягтай найраараа нэрд гарсан. Хаа сайгүй л боржигон найрын сураг сонсдоно. Энд тэнд гэр барилаа л гэнэ, шинэ байранд орлоо л гэнэ, тэднийх хүүхдийнхээ даахийг үргээлээ, унагаа тамгаллаа… эргэн тойрон найр. Харин саяны арван сарын 29-нөөр энэ жилийн найр отголов бололтой. Монгол улсын сайн малчин Наваантаяын Жаргалсайханы хүү Мөнх-Оргилынх өрх тусгаарлан өргөө цагаан гэрээ барьж гал голомтоо бадраалаа. Эдний бэр Дуламжавын Отгонжаргал зэргэлдээ Цагаандэлгэр сумынх. Бас л Боржигоных. Тэгэхлээр зан үйл адилхан. Шинэ айл галаа асаан тогоо дүүрэн сүү хөөрүүлж цайгаа чанан ирсэн зочидоо урин залж идээ будаа, айраг цагаа болсны дараа ахан дүүс, төрөл төрөгсөд, нутаг усныхан бүтэн хонины шүүс, тавгийн эдээ дамжлалдан гэрийн эзэн, эзэгтэй нарт барьж эхэллээ. Халбагар халбагар ууцтай бүтэн шүүс гэрийн баруун урд хаяанаас хойгуур тойруулж зүүн өмнөө хүрэхэд лавтайяа арав нэлээд гарав бололтой. Багталцахаа байхад захаас нь гаргаж сангийн гэр лүү зөөж эхэллээ. Зай жаахан гармагц араас нь шүүс, тавгийн идээг оруулж ирсээр л харагдана. Ийнхүү айлчин гийчний ажил сийрмэгц зочид дахин суудлаа эзэллээ. Шинэ гэрийн залуу хос, хоёр талын хадмууд хойморыг эзлэн бэлэг дурсгал гардууллаа. Жаргалсайхан, Оюунжаргал нар хүү, бэрдээ хаан бугуйвч, хатан сүйх бүхий хуримын алтан бөгж зүүж өгөн алд цэнхэр хадган дээр мөнгөн аягатай сүүг хоёуланд барив. Аав нь хүүдээ мал сүргээ өсгөн агт морьдоо хурдлуулж явахыг ерөөн арван цагаантай эмээлээ өвлүүлэн өглөө. Бэрийн ээж охиныхоо чихэнд алтан ээмэг зүүн өгснөөр бэлэг гардуулах үйл ажиллагаа нэг хэсэгтээ үргэлжилсэн юм. Дараа нь өрхийн тэргүүний эцэг Жаргалсайхан хадаг, мөнгөн аягатай сүү, мөнгө Ж.Дамбадүгэрт барин энэхүү найрыг даргалахыг даалгалаа. Найрын дарга хойморын суудлыг голлон сууж нэг сөнч, хоёр аягачийг томилон ажилд нь орууллаа. Сөнч сөнгийн халбаганаас гараа үл салгах журамтай бөгөөд аягач нар зочдод өгсөн дугарааг заавал уулгах үүрэгтэй. Гэрийн эзэн ерөөлчид хадаг, сүү барьснаар Нэргүйн Ишцэдэн уран цэцэн ерөөл айлдлаа.
…Атар хээрийн цэцэг шиг өнгөлөг
Арван тавны сар шиг гэрэлтэй
Хүний сайныг гэрээрээ дүүргэж
Хүлгийн сайнаар уяагаа дүүргэж
Энэ айлын эзэд нь
Эдийн дээдээр элбэг дэлбэг
Урт удаан насалж
Улам улмаар жаргахын
Өлзийтэй сайхан ерөөлийг
Өөд өөд нь өргөн дэвшүүлье”
хэмээн гучин минут үргэлжилсэн ерөөлөө өндөрлөснөөр хуурчин хуураа татан энэ нутгийн дуучин эмэгтэй Хоролсүрэн найрыг дууг эхэллээ. Найрын дууг түрэхгүй дуугүй суух эрх найрлагч хэнд боловч байхгүй. Найран дээр сууж байгаа хүн суудал сэлгэх, солих, энгэр заам задгай, товч бүрэн товчлоогүй, толгой нүцгэн байх, хоорондоо ярих, дугараа явж байхад юм идэх, гарч, орох хориотой. Энэ журмыг яльгүй зөрчвөл найрын дарга дуудан босгож “Шог” уулгана. Шогийн хулыг сонгож айргаар дүүргэн тавьсан байна. Шог уух хүн ямар нэг тайлбаргүйгээр босч, малгайгаа аван ууж дуусгаад “Найрын даргаа, алдаагаа заслаа” гээд аягачид хулыг өгнө. Найрын дууны дугараа гурван түрлэг түрсний дараа айрагны болон “Нарийн” дугарааг хоёр талаар явуулж хүн болгонд уулгана. Нарийн дугараа гэдэг нь архи тул одоо голчлон аясаар уухыг зөвшөөрөх болсон байна. Аясаар гэдэг нь ууж ч болно, уухгүй ч байж болно гэсэн үг. Энэ найран дээр найрын даргын үгийг зөрчих эрх хэнд ч байхгүй. Бүх үйл хөдлөлийнхөө төлөө найрын даргаас зөвшөөрөл авч түүний дохио зангаанд үг дуугүй захирагдана. Холын нэгэн зочин “Тэр найрын даргын их зантайг яанаа. Ямар ч гэсэн найран дээрээ улсын Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй юм” гэж дуу алдсан шүү. Гэрийн эзэн найрын дундуур нэгэн царан дээр их гарын хул дүүрэн айраг, дунд гарын мөнгөн аягаар шимийн архи, мөн өөр нэг мөнгөн аяганд цагаан архи дүүргэн эгнүүлээд хүн бүрд “Гэрийн хувь” хэмээн бариулж хоёр аягачаар хянуулан толгой дараалан уулгасан нь найрлагч нарт хүндхэн туссан нь ажиглагдсан ч энэ газрын “Бичигдээгүй хууль” ажээ.
Найрт зориулан соёолон насны морьдын уралдаан болж айргийн тавд хурдалсан нь алт, мөнгө, хүрэл медаль зүүв. Харин түрүү морины эзэн халзан цагаан хонь хөтөллөө. Найр гурван өдөр, гурвөн шөнө үргэлжилдэгч энэ намар оройн отгон найрыг зочдын арын ажил албанд зохицуулан хоёр дахь өдөр нь багтаан жаргаалаа.
Говь-Угтаал сумаас төрсөн нэр цуутай хүмүүс олон. Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, гавьж Шагдарсүрэнгийн Сонинбаяр энэ нутгийнх. Дунд сургуулийн 6,7 дугаар ангид ахуйдаа дэлхийн газрын зураг дээрээс хамгийн ажиглагдамгүй шүрэн арлыг ч ахлах насныхан түүнээс асуугаад “Унагаж” чаддаггүй байж. Тэр эрдмээрээ аравдугаар ангидаа тодрон УБИС-ийн газарзүйн ангид орсон ч төдөлгүй түүнээ хаяж нутагтаа ирээд “Орон нутгийн дэлт” нэр авч байсан өдгөөгийн их гавьж ламтан одоо Бүддийн шашны эрдэм соёлын хүрээлэнгийн захирал, доктор болж нутаг усныхандаа “Их лам” гэсэн хүндэтгэл хүлээж яваа. Түүний найз “Омскийн дэлт” гэж нутгийханд хоршин нэрлэгдэж явсан яруу найрагч Барнангийн Доржпалам агсан бас энэ нутгийнх. Омскт цэргийн сургууль дүүргэсэн, хожмоо “Болор цом”-ын тэргүүн, дэд байрнаас олон жил
“Уягдсан” эл найрагчийн:
“Говь-Угтаалын наадам хээ ланзан асартай
Гоё мөнгөн эмээл дээр хээнцэр ганган суудалтай
Гогцооруулан алдсан Хэюд боржгин дуутай
Гол усандаа тодорсон хэдүүл сайн бөхтэй…” гээд шүлгийг нь цээжээр мэдэхгүй хүн энд байхгүй.
Нөгөө нэг эрхэм нь Гэндэн-Яринпэлийн Эрдэнэ-Очир агсан юм. Ардын сурган хүмүүжүүлэх ухаанаар мэргэшин эрдмийн зэрэг хамгаалсан, төрөлх сургуулийнхаа жирийн багшаас захирал, аймгийн Сурганы кабинетийн эрхлэгч, Боловсролын яамны сэтгүүлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч, МАХН-ын төв хороонд лектор хүртэл алба хашсан түүний нэрээр төрөлх сургууль нь өнөө нэрлэгдэж байна.
Энэ суманд “Хөдөөгийн хөх найрагч” гэж нэрлэгдсэн, МЗЭ-ийн гишүүн, “Утга зохиолын төлөө” алтан медальт зохиолч Цэндийн Төмөрбаатартай таарах нь тэр. Урьд сүүний завод байснаас ч юмуу “Завод” гээд нэрлэгдсэн, одоо ганц суварганаас өөр юмгүй Хажуу-Усны зүүн буйд энгэрт өвөл зуны сууцандаа нам гүмхэн аж төрөх энэ хөдөөх зохиолч жил болгон л нэг ном гаргаж байх аж. Өнгөрсөн жил “Ботгон цагаан салхи” энэ жил “Цэнхэр боржгин” гэсэн шүлгийн томоохон түүвэр хэвлүүлсэн түүнд хэвлэлд бэлдчихсэн хэд хэдэн номын гар бичмэл байна. Өнгөрсөн зун Ардын уран зохиолч П.Бадарч эднийд ажлын далимд саатан “Галт ус” аягалж, галзуу улаан амархаж уран бүтээлийн яриа өрнүүлснээ дурсамждаа бичсэн байна лээ. Боржигоны гурван суманд авралын дээд адил хүндлэгдсэн нэг эрхэм хүн нь Төмөрийн Жагай. Ардчилсан шинэ үндсэн хуудь баталсан домогт депутатуудын нэгэн, Ардын Их Хурлын орлогч даргаар ажилласан энэ эмэгтэй өдгөө Монгол улсын хүний гавьяат эмч юм. Төрөлх сумандаа бараг 35-36 жил ажиллаж байгаа Т.Жагай хүүхдийн эмчилгээгээр үнэнхүү нэрд гарсан. Түүний нөхөр, хаа байгаа Завхан аймгийн Нөмрөг сумын унаган хүү Д.Данзансамбуу энэ нутагт төдий жил нутагшин Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан алдартан бөлгөө.
Аль эртээ Төвдөөс залсан Богдыг Монголын шашны төлөөлөгчид угтан авсны учир Угтуул гэж нэрлэсэн нь хожмоо Угтаал хэмээн сунжирсан хайрхнаар нэрлэгдсэн энэ нутгийхан зорин ирсэн зочин гийчнээ угтаж үдсээр, дуниартсан боржигон аялгуутай уртын сайхан дуугаар хангинуулсаар л…
Зураг дээр 2011.10.14-ний өглөө Говь-Угтаал сумын төв.
Боржигон найрын зургаас