
Улаанбаатар хот дотор болон хот орчмын чиглэлд зорчигч, тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа тээврийн хэрэгслүүдэд намрын үзлэг оношлогоо явуулж байна. Оношлогоонд орвол зохих 1978 тээврийн хэрэгслээс арваннэгдүгээр сарын 2-ны байдлаар 1298 тээврийн хэрэгсэл хамрагдаж, үзлэгийн ажил 65 хувьтай үргэлжилж байна. Үзлэгт орсон нийт тээврийн хэрэгслийн 62 хувь нь буюу 1225 тээврийн хэрэгсэл оношлогоонд тэнцэж, 73 тээврийн хэрэгсэл тэнцээгүй тул дахин оношлохоор болжээ. Эхний үзлэгээр тэнцээгүй автобуснуудын олонхи нь буюу 55 автобус өнгө үзэмж хангалтгүй учир тэнцээгүй байна. Түүнчлэн шалгалтын үеэр том оврын автобуснуудаас ялгарч байгаа утааны тортогжилт нь хэвийн байсан бөгөөд үүнийг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд автомашинаас ялгарах утааны тортогжилтыг бууруулах төхөөрөмжийг нийтийн тээврийн хэрэгслүүдэд суурилуулсны үр дүн хэмээн тайлбарлаж байна.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн намрын үзлэг, оношлогоо арваннэгдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Ш.Чимэг