Металл хөрөнгө оруулагчдын хошуурах цэг

Хуучирсан мэдээ: 2011.11.05-нд нийтлэгдсэн

Металл хөрөнгө оруулагчдын хошуурах цэг

Металлургийн салбарынхныг цуглуулсан “Metals Mongolia-2011” анхдугаар чуулга уулзалт арваннэгдүгээр сарын 3-4-ний өдөр Төрийн ордонд болж, өчигдөр өндөрлөлөө.

Дотоод, гадаадын 800 орчим зочин, төлөөлөгч энэхүү уулзалтад оролцохоор бүртгүүлжээ. Тиймээс Төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй байв. Ялангуяа гаднаас ирсэн төлөөлөгчдөд уул уурхайн орон гэгдэх болсон Монгол Улсад ирснийх сонирхох зүйл олон байгаа бололтой. Тэд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, металлын нийлүүлэлт, манай хууль эрхзүйн орчныг онцлон судалж байгаа гэсэн. Чуулга уулзалтыг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нээж, албан ёсны илтгэл тавьсан бөгөөд хурлын нэгдүгээр хэсгийг хөтлөн явуулсан юм.

Манай улс уул уурхайн тэсрэлтэд хэдийнэ өртсөн. Харин энэхүү салбараас металлургийн үйлдвэрлэл бараг унтаа байдалтай байсан гэхэд хилсдэхгүй. 30 жилийн өмнөөс л Монгол Улс хүдэр, бүр дээшлээд баяжмал төдийг гадагш нийлүүлдэг ч чухам эндээс л төсвөө бүрдүүлж байсан. Нэг үгээр Тавантолгойн коксжих нүүрс биш Эрдэнэт, Цагаан суваргын талаас ухаж, угаасан шороо биднийг тэжээдэг байв. Энэ нь хэдийгээр эдийн засгийн хувьд хэтэрхий алдагдалтай ч халаас нимгэн монголчууд баяжуулсан хүдрээс олсон мөнгөөрөө өдөр, хоногоо аргацааж ирсэн нь нууц биш. Тиймээс хайлуулах, боловсруулах үйлдвэр өдий хүртэл байгуулж дөнгөөгүй.

Харин Оюутолгой, Тавантолгойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж буйн зэрэгцээ, гадаад, дотоодын компаниуд хаа сайгүй хайгуулын ажил эхлүүлснээр шинэ нөөцүүд ч илрэх болов. Энэ нь биднийг өөрийн гэсэн үйлдвэртэй болох шаардлагатайг анхааруулсан хэрэг. Тиймээс “Metals Mongolia-2011” чуулга уулзалтыг хүмүүс нүдээ олсон арга хэмжээ хэмээн дүгнэж байгаа аж. Хөрөнгө оруулагчид, бидэнтэй хамтрахыг хүсэгчид, эсвэл Монголын уул уурхайд хуруугаа ч болов хүргэхийг санаархагчид энд иржээ. Тэдэнд бидний араншин сонирхолтой байгаа бол манайханд чуулганы үр дүн.

Д.Зоригт: Металлургид баримтлах тӨрийн бодлогыг танилцуулна /ЭБЭХ-ний сайд/

Монгол Улсын хувьд 2011 он нүүрсний жил байлаа. Бид анх удаагаа “Coal Mongolia” чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэ уулзалт амжилттай болсон. Энэ оны хувьд манай нүүрсний салбараас улсын төсөвт, Хүний хөгжлийн санд орж ирэх орлого анх удаа зэсээсээ илүү болох нь ээ. Нүүрсний салбарын нийт борлуулалтын хэмжээ анх удаа өнгөрсөн наймдугаар сард зэсийнхээс илүү болсон. Тэгэхээр энэ оны эцэс, ирэх онд бутлуур, төмөрлөгийн үйлдвэрт бид онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь манай орон зөвхөн нүүрсээр баян бус, зэс, алт гээд бусад металлаар баян шүү дээ. Үнэндээ нүүрсний сүрд дарагдаад байгаа болохоос бус манай төмрийн хүдрийн экспорт эрчимтэй өсч байгаа. Тухайлбал, манай төмрийн хүдрийн экспортын хэмжээ анх удаа гурван саяас дээш тонн болсон. Ирэх онд энэ хэмжээг өсгөнө гэсэн бодолтой байгаа. Тиймээс энэ хуралд оролцож буй хүмүүст Монгол орны металлургийн нөөц баялгийг танилцуулахаас гадна, хамгийн гол нь боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх бололцоо, төрөөс явуулах бодлого зэргийг танилцуулна. Засгийн газраас баталсан бодлого бий. Сайншанд, Багануур, Чойр, Өмнөговь, Дархан, Эрдэнэтийн бүсэд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрийн парк байгуулж, эдгээрт тодорхой хэмжээний татварын бодлого явуулна. Үүгээр дамжуулан нүүрс, төмрийн хүдэр, зэс зэргээ ашиглаж бэлэн бүтээгдэхүүн болгох бодлогыг хэрэгжүүлэх юм. Ингэснээр ирэх оны эхээр энэ бодлого идэвхжиж тэргүүлэх зорилтоо болгох ёстой гэж үзэж байгаа.

Уул уурхайн салбар манай эдийн засгийг хөдөлгөх хүч нь болж чадсан байна. Дараагийн алхам бол уул уурхайн салбартаа түшиглэж боловсруулах үйлдвэртэй болох юм. Ийм төрлийн үйлдвэр манай улсад төдийлөн хөгжөөгүй, дөнгөж анхан шатандаа явж байна. Бидэнд боловсон хүчин, технологи, энэ төрлийн туршлага алга. Тэгэхээр энэ бүхнийг гаднаас оруулж ирэхээс өөр арга үгүй. Харин эдгээрийг гаднаас оруулж ирэхийн тулд татварын тодорхой хэмжээний нааштай орчин бүрдүүлж өгөх ёстой гэж үзэж байгаа.

Х.Баттулга: Монгол Улс транзит орон болно /ЗТХБ-ын сайд/

УИХ-аас өнгөрсөн онд баталсан “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-д заасан эхний болон хоёр дахь үе шатны төмөр замын ТЭЗҮ-ийг “МакКензи” компаниар ахлуулсан зөвлөх баг боловсруулж дуусгалаа. Энэ ТЭЗҮ нь нийт 1766 км төмөр замыг хамруулан хийгдсэн бөгөөд үүнд Тавантолгой-Сайншандын 468 км, Сайншанд-Хөөтийн 450, Хөөт-Чойбалсангийн 155, Хөөт-Нөмрөгийн 380, Тавантолгой-Гашуунсухайтын 267, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 46 км төмөр зам багтаж байна. “УБТЗ”-ын Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн суурь бүтэц нь жилд 23 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Гэвч замын байгууламж, илчит тэрэгний болон вагон ашиглалтын парк хуучирсан, техник технологийн шинэчлэл хийгдээгүйгээс жилдээ 15-16 сая тонн ачаа л тээвэрлэж байна. Цаашид энэ чиглэлд хоёр дахь замыг тавьж байж тээврийн эрэлт хэрэгцээг хангах боломжтой болох бөгөөд холбогдох ТЭЗҮ-ийг хийсэн болно. Улам бүр нэмэгдэж буй ачаа эргэлтийг дэмжихийн тулд хилийн гол боомтуудын дэд бүтцийг сайжруулах ажил хийгдсээр байна. Хилийн гурван цэг дээр холимог тээврийн терминал, ложистикийн төвийг ойрын үед барих болно. Эдгээр төсөл хэрэгжсэнээр Монгол Улс транзит орон болж, худалдаа, тээврийг хялбаршуулж, улмаар олон улсын тээврийн системтэй холбогдох, хил, гааль, мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг хөнгөвчлөх, үр нөлөөг сайжруулах, нэгдсэн тээврийн иж бүрэн системийг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Б.Дэлгэрсайхан: Төмрийн хүдрийн экспортын 60 хувийг манай компани хангаж байна
/“Болдтөмөр-Ерөө гол” компанийн ерөнхий захирал /

-Манай компанийн гол үйл ажиллагаа эрдсийн хайгуул, тээвэрлэлт, экспортод чиглэдэг. Тиймээс сүүлийн жилүүдэд экспортод тухайлсан төлөвлөгөө, зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар Дулаанхаан өртөөнөөс Баянголын хүдрийн уурхай хүртэл 98 км төмөр зам байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байгаа. 2008 онд төрөөс гурван компанид зам барих эрх өгсөн юм. Үүнд манайхаас гадна “МАК”, “Энержи ресурс” компани орж байгаа. Энэ хоёр компанийн барьсан төмөр замын тодорхой хувь нь төрийн өмч байх болно. Харин манай компанийн байгуулах төмөр зам хувийн хэвшлийн анхны төмөр зам юм. Өнгөрсөн онд төмөр замын тээврээр нийт 3.3 сая тонн төмрийн хүдэр урд хөрш рүү экспортлосноос 2.3 саяыг нь манайх дангаараа нийлүүлсэн. Манай улсын төмрийн нөөц 471 сая тонн. Гэвч энэ нь батлагдсан нөөц биш. Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай олон компани хайгуул хийж буй учраас нөөцийн хэмжээ нэмэгдэж магадгүй. Манай компанийн цаашдын зорилго бол хүдэр экспортлохоос гадна төмөр, ган үйлдвэрлэж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх явдал. “Metals Mongolia-2011” чуулга уулзалтаас металлын салбарынхан олон зүйл хүлээж байна. Уулзалтад олон улсын хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчид ирсэн байна. Тэдний хувьд хар болон өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлийг сонирхож буй нь харагдсан. Тиймээс манай улсын металлын салбар олон улсад танигдах боломжтой болсон гэж бодож байна.

А.С.Владимирович: Төмрийн хүдэр экспортлох нь эдийн засгийн үр өгөөжгүй ажил
/“Plazmotex” компанийн ерөнхийлөгч/

-Плазма үйлдвэрлэл нь маш нягт шахсан электрон хүчдэлээр төмрийн хүдэр боловсруулах үйл ажиллагаа юм. Энэхүү технологиор ихэвчлэн онгоц, пуужин зэрэг өндөр даралтыг их хурдаар эсэргүүцэх техникийн их биеийн хэсгүүдийг хийх төмөр хийц гарган авдаг. Монгол Улсын хувьд төмөр боловсруулах, тэр дундаа өнгөт төмөрлөгөөс эцсийн бүтээдэхүүн гаргаж авах үйдвэрлэл шинэ салбаруудын нэг. Хаягдал төмөр боловсруулж бүтээгдэхүүн гаргаж буйгаас биш төмрийн хүдрийг баяжуулж, хайлуулах үйлдвэр сайн хөгжөөгүй. Төмрийн хүдрийг гадагш экспортлох нь эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэхээс 60 хувийн ашиг багатай ажил. Тиймээс энэхүү үйлдвэрлэлийг, ялангуяа өндөр технологи шингэсэн орчин үеийн үйлдвэрийг нэвтрүүлэх хэрэгтэй. Манай зүгээс энэ салбарт монголчуудтай хамтрахад бэлэн байна. Плазма үйлдвэр төмрийн хүдрээс гадна зэс, молибдени, ховор металл боловсруулах хамгийн сүүлийн үеийн технологи. Энэ төрлийн үйлдвэрлэлээр Герман, АНУ, Япон, Франц тэргүүлдэг. Энэ нь эдийн засгийн хувьд асар өгөөжтэй салбар.

Жак Хонг: энэ оны эцсээр тэзү-ийг танилцуулна
/”Bechtel Asia” компанийн Бизнесийн төвийн захирал/

-Сайншандын аж үйлдвэрийн цог­цолборыг байгуулснаар төмөрлө­гийн үйлдвэрлэлийн салбар үнэмлэхүй хурдаар хөгжинө. Тус паркийг байгуулах нийт хөрөнгийн хэмжээг 8.5 тэрбум ам.доллар хэмээн урьдчилан тооцоолсон. Одоогийн байдлаар судалгааны ажлыг хийж байгаа. Үүний дараа ТЭЗҮ боловсруулах юм. Өнгөрсөн долдугаар сард судалгааны баг ажлаа эхэлсэн. Энэ оны эцсээр ТЭЗҮ танилцуулах байх. Тиймээс ирэх оны эхээр хэчнээн үйлдвэр байгуулах, эдгээр нь ямар хүчин чадалтай байх зэргийг нарийвчлан гаргана. Бидний урьдчилан тооцоолсноор Сайншандын аж үйлдвэрийн цогцол­борын зэс хайлуулах үйлдвэрийг байгуулснаар жилд ойролцоогоор 300 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх боломжтой болох юм. Катодын зэс гэдэг нь 99.9 хувийн цэвэр бүтээгдэхүүн юм. Бид аж үйлдвэрийн цогцолборыг “Түлхүүр хүлээлгэн өгөх зарчим”-аар төрд шилжүүлнэ. Гэвч энэ асуудлаар Засгийн газартай эцсийн тохиролцоонд хүрээгүй байна. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд кокс, хар төмөрлөг, нүүрс хийжүүлэх, зэс хайлуулах, барилгын материалын, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна.

Г.Амартүвшин, А.Ариунболд

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж