
Төв аймгийн Батсүмбэр сум нийт 1925 өрхийн 6736 хүн амтай. Эдгээр 1925 өрхийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгохоор Төвийн цэцэрлэг, Баянголын цэцэрлэг, Сөгнөгөрийн цэцэрлэг, Үдлэгийн цэцэрлэг, ТЗ-ын цэцэрлэг гэсэн нийт таван цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн баасан гаригт сумын төвийн цэцэрлэг жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Алтан намар“ өдөрлөгийг зохион байгуулжээ. Энэхүү өдөрлөг нь эцэг эхчүүд хүүхдүүдээ хэрхэн амт чанартай, тэжээллэг илчлэг сайтай хоол хүнсээр хооллох, хоол бэлтгэх туршлага солилцох цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийг татан оролцуулах зорилготой зохион байгуулагддаг уламжлалт өдөрлөг юм.