
-Гурвантэс сум Улаанбаатараас төдийгүй аймгийн төвөөсөө алслагдсан гэдгээрээ онцлог байдаг. Алслагдсан сумын хувьд хүндрэл бэрхшээл мунддаггүй. Танай сумын тухайд өвөлжилт хэр хүндрэв. Хаваржилт, төл бойжуулалт ямар байна вэ?
-Манай сум бол аймгийн төв болоод улсын нийслэлээс алслагдсан гэдгээрээ төдийгүй газар нутгийн хэмжээгээрээ улсдаа томд орно. Сэлэнгэ аймгийн нийт нутгийн хэмжээтэй дүйцэхүйц газар нутагтай. Сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 142,9 мянган мал хаваржиж байна. Энэ жилийн өвлийг малчид маань ихээхэн зутарч давлаа. Сумын хэмжээнд 13,4 мянган мал хорогдсон. Цаашдаа хаврыг давтал малын хорогдол нэмэгдэх хандлагатай байна. Гарсан төлийн 80-90 хувь нь бойжиж байгаа. Гэвч мал төллөх нь тун бага байна. Хээлтэгч малын 30 орчим хувь нь төллөх хандлагатай. Бог мал хээл хаях нь их байлаа. Одоогоор мянга гаруй тугал, ботго, унага зэрэг бодын төл гараад байгаа.
-Алслагдсан сумдад ажилгүйдэл их байдаг. Танай усмын хувьд уул уурхайн хэд хэдэн компани ажилладаг болохоор ажилгүй хүний тоо бага байна уу?
-Манай сумын нутаг Нарийн Сухайтын сав газарт Чинхуа МАК гэж хамтарсан компани, МАК гэх үндэсний компани, Саусгоби сэндс гэдэг зуун хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нүүрс олборлож байна. Цаашдаа хоёр компани нэмэгдэнэ. Бид эдгээр компаниудтайгаа хамтран ажиллаж, залуучуудаа ажлын байраар хангаж байна. Яг өнөөдрийн байдлаар 30 иргэн ажил хайж бүртгүүлсэн байгаа. Ажилгүйдэл бусад сумдаас харьцангуй бага. Цаашдаа орон нутгийг хөгжүүлэх, хүмүүсийнхээ амьдрал ахуйг өөд нь татах боломжтой. Гэвч аливаа ажлыг хийж, гүйцэтгэх, хөрөнгө мөнгө зарцуулах эрх мэдэл нь орон нутагтаа байдаггүйгээс сум орон нутаг, хөгжихгүй байгааг төр засгийн төвшинд шийдэх цаг болсон.
-Уул уурхайн компаниудын нөөцийн төлбөрийн 10 хувь нь суманд, 20 хувь нь аймагт, үлдсэн нь улсын төсөвт ордог биз дээ. Тэгэхээр танай суманд бол хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө төвлөрч байгаа хэрэг биш үү?
-Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нөөцийн төлбөрийн 13 хувь нь суманд орохоор заасан. Манайд үйл ажиллагаа явуулж буй нэг компани л гэхэд жилд 800 сая төгрөгийг нөөцийн төлбөрт төлдөг. Үүнийг 13 хувь гэхээр сумыг хөгжүүлж болохоор сонсогдож байгаа биз. Гэтэл тэр мөнгийг захиран зарцуулах эрх нь орон нутагт байхгүй. Улсаас баталж өгсөн төсвийн хэмжээнд л санхүүжилт өгдөг. Үлдсэнийг нь улс татаад авчихдаг. Ийм байхад бид сумаа, орон нутгаа хэрхэн хөгжүүлэх билээ. Бидэнд эмнэлэг, сургуулиа өргөтгөх, сургуулийн дотуур байраа шинэчлэх зэргээр иргэддээ хандсан үйл ажиллагаа явуулах хөрөнгө мөнгөгүйгээс санаанаас цаашгүй л сууж байна даа.
-Уурхайг дагасан сум сууринд жижиг дунд үйлдвэр байгуулах боломжтой мэт санагдлаа. Танай усмын иргэн Уранчимэг л гэхэд уурхайн ажилчдын ор хөнжлийн даавууг нийлүүлдэг юм байна. Энэ мэт олон үйлдвэрлэл хөгжиж болохоор юм биш үү?
-Жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломж бий. Гэсэн хэдий ч хүмүүс маань жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх мэдлэг, мэдээлэл хомс, арга ухаанаа олохгүй тал байна. Тэр чиглэлийн сургалт сурталчилгаа ч хомс байгаа. Ерээд оны үед хүүхдүүд мал дээр гарч, их дээд сургуульд суралцах нь ховор байсантай ч бас холбоотой. Одоо сургалт сурталчилгаа явуулаад ирэхээр хүмүүс сийрэг сэтгэж болохоор байгаа.
-Уул уурхай дагасан сум сууринд байгаль орчны асуудал хүндэрдэг. Энэ талаар компаниудад ямар шаардлага тавьж байна вэ?
-Нутаг орны байаль экологийн байдалд хяналт тавих нь бидний үүрэг. Бид уул уурхайн компаниудад энэ чиглэлээр шаардлага тавьсаар ирсэн хэдий ч нүүрс тээвэрлэх автозамыг даруйхан тавихгүй бол тоос, тоосонцор асар ихээр дэгдэж байна. Говийн хөрс зөөлөн учир тоос шороо маш ихээр босдог. Компаниуд уурхай орчимдоо усалгааг маш сайн хийж байгаа. Хил хүртэл 45 км-т усалгаа хийх боломжгүйн дээр цацсан ус говийн наранд хормын дотор л хатдагаас ямар ч үр дүн гарахгүй. Иймд хүнд даацын автомашин нүүрс тээвэрлэж болохуйц шаардлага хангасан автозамыг даруйхан тавих л хэрэгтэй байна.
Д.Цэцэн