
ХХААХҮЯ-аас “Хүнсний аюулгүй байдлыг хангахад худалдааны байгууллагад тулгамдаж байгаа асуудал” сэдвээр хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлгийн гол агуулга нь иргэдийн эрүүл мэндэд яг ямар төрлийн бүтээгдэхүүн сөргөөр нөлөөлдөг талаар хэлэлцсэн билээ. Монгол Улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдал алдагдсан гэдэгтэй олон хүн санал нийлэх нь гарцаагүй. Тэр тусмаа хоол хүнсний материалыг БНХАУ-аас импортолж байгаа нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Гэвч оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанарын асуудал бус, тээвэрлэлтийн явцад ямар нэгэн байдлаар задаргаа орсон, салхи нэвтэрсэн гэх шалтгаанаар муудаж өмхийрдөг. Тэр ч бүү хэл хүнсний зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар дууссан байхад нь манайхан өөрсдөө хямдруулаад лангуун дээрээ тавьчихдаг “хөгийн” зантай. Юм бүхнийг бусад руу чихэх биш, өөрсдийн буруутай үйлдлийг эргэцүүлэн бодох чадваргүй гэсэн үг. Өнөөдөр манай улсад хүнсний стандартыг нарийвчлан тогтоохын тулд шинэ лаборатори буюу сорилтын лаборатори, шинжилгээний лаборатори, химийн тоон шинжилгээ хийх лаборатори зэрэг хэрэгтэй байгаа аж. Уг нь энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр Монголын хүнсний худалдааны зах, төвүүдийн холбоо байгуулагдсан. Энэхүү төрийн бус байгууллага нь өмчийн хэлбэрийг үл харгалзан сум, дүүрэг, аймаг нийслэлийн хүнсний худалдааны зах, төвүүдийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн байдаг. Тэр утгаараа хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахад хамгийн чухал байгууллагын нэг баймаар. Гэвч сүүлийн үед нам жим байгаад зарим иргэн, хувь хүмүүс ам муутай байгаа гэсэн. Мөн худалдааны салбарт хэрэгжүүлж байгаа төрийн хяналтыг сайжруулах хэрэгтэй байгааг хэлэлцүүлэгт онцолсон. Тэр ч бүү хэл “Хүнсний аюулгүй байдал сайжрах боломжтой ч бид хариуцлагагүй ханддаг” хэмээн шүүмжлэх хүн их олон байв. ХХААХҮЯ-аас хийсэн хэлэлцүүлгээр хамгийн их чухалчилж байсан зүйл бол мах, махан бүтээгдэхүүн болон хуурай сүү, сав баглаа, үйлдвэрлэлт, техникийн зохицуулалт юм.
Мах. Энэхүү хүнсний бүтээгдэхүүнд тулгарч буй асуудал бол хөрсний бохирдлоос эхлээд хадгалах, өөрөөр хэлбэл тээврийн явцад хөргөөх автомашин. Мал сүрэг бэлчээрээс шим тэжээлээ авдаг. Харин монголчууд хэдэн уурхайн хөрсний бохирдлоос болж эрүүл бус малын мах хүнсэндээ хэрэглээд удаж байна. Гаднаас оруулж ирж байгаа гэх мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацаа асуудал дагуулдаг тохиолдол ч бий. Улмаар махны хадгалалт, тээвэрлэлтийн асуудал хамгийн чухал. Үйлдвэрийн хөлдөөгчнөөс дэлгүүрийн ямар нэг салбар руу хүргэх явцад замдаа шүүс нь гоожих, бохирдох зэрэг олон зүйл тохиолддог. Одоохондоо мах тээвэрлэх зориулалтын машин орж ирээгүй байгаа аж.
Хуурай Сүү. Монгол Улсын хэмжээнд экологийн буюу малын гаралтай сүүг иргэдийн хэрэгцээнд хүргэж байгаа компаниуд тун цөөн. Арав гаруй сүүний компани байлаа гэж бодоход тал хувь нь гаднаас хуурай сүү оруулж ирээд яг ижил савлагаатай шингэн сүү болгон борлуулдаг. Заримдаа хуурай сүүний илчлэг чанар алдагдах тохиолдол ч гардаг аж.
Сав, баглаа. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа хийдэг компаниуд ихэвчлэн хуванцар сав л хийж байгаа. Харин дэлхий нийт шилэн сав, баглаа руу хурдацтай шилжиж байгаа. Хуванцар савны үйлдвэрлэлтийг нарийн хөгжүүлж амжаагүй байхад бусад улс өөр систем рүү шилжих болов.
Техникийн зохицуулалт. Хүнсний бүтээгдэхүүн бол үйлдвэрээс гараад шууд л иргэдийн гар дээр ирэх ёстой байдаг. Харамсалтай нь тээвэрлэлтийн гажуудлаас болж цаг хугацаанд нь хэрэглэх боломжгүй болдог хэд, хэдэн шалтгаан байдаг. Жишээ нь нэг үйлдвэр түгээлтийн таван машинтай. Харин тухайн мөчид зэрэг 20 газар түгээхгүй бол хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдаж, муудах хугацаа ойртдог аж. Мөн зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглах нь бүтээгдэхүүний чанарыг удаан хадгалдаг тул хүнсний аюулгүй байдлын тал дээр асуудал үүсээд байдаггүй.
Б.Баатар"Улс төрийн тойм" сонин