Ази, Европыг холбох зам Монголчуудад боломж олгоно

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Ази, Европыг холбох зам Монголчуудад боломж олгоно

АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОХ ХУУРАЙ ЗАМЫН ТЭЭВЭР МОНГОЛЧУУДАД БОЛОМЖ ОЛГОНО

Хятадын эрх баригчид Төв Азиар дамжуулан Европ руу хүрэх төмөр зам, автозамын сүлжээ байгуулахаар зорьж байна. Тус улс өдийг хүртэлх хугацаанд зөвхөн усан боомтуудаар Европтой холбогдож байв. Харин ОХУ-аар дамжуулан Европын зах зээлтэй холбогдох дэд бүтцийг хөгжүүлэх оролдлого нь сүүлийн үед төв Азийн орнуудаар дамжин илрэх болсон. Үүнээс Киргиз, Тажик, Узбек, Иран, Турк зэрэг улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх замын ажлыг Шинжан, Уйгурын автономит мужид хэдийнэ эхлүүлчихээд байгаа. Хятадын хувьд дээрх улсуудын ихэнхийнх нь гол донор орон болчихоод байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Үүнтэй зэрэгцээд Оростой холбох замыг Монголын нутгаар дайруулан байгуулах сонирхолтой байгаа аж. Энэ тухай Ази, Европын Зам тээврийн сайд нарын хоёрдугаар уулзалтын үеэр хөндөн гаргаж, дэмжиж байгаагаа Хятадын тал илэрхийлжээ. Монгол бол төв Азийн зүрхэнд байрладаг улс. Тиймээс Хятадын хувьд хуурай замаар Европ тивтэй холбогдох хамгийн хямд гарц нь болж чадах юм. Түүнчлэн хоёр тивийг холбох эрэлт, хэрэгцээ их байгаа нь Монгол Улсын хувьд нэгэн шинэ боломж болж байна.

Төв Азийн газар нутгийн нэг талд эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж буй Хятад, Энэтхэг, нөгөө талд Европын холбоо, ОХУ оршин байдаг гэдэг утгаараа хоорондоо холбогдохыг тэмүүлэх болжээ. Мөн зөвхөн Ази, Европ гэлтгүй Ойрхи Дорнодын орнуудад хүрэх зам ч мөн хамааралтай. Үүний хүрээнд аль, аль тал нь зам, тээврийн  харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байна. Европын холбоо болон Ази, Номхон далайн хоорондын тээвэр 2007 онд 17.7 сая чингэлэгт хүрч байв. Хэдийгээр сүүлийн үед Евро бүсэд хямрал болж байгаа боловч Европын  холбоо Хятадын худалдааны хам­гийн том хамтрагч орон хэвээр байгаа. Хятадын Засгийн газар бүс нутгийн хямралыг намжаахын тулд янз  бүрээр туслахыг зорих болсон нь ч үүнтэй холбоотой. Энэ бүхнээс улбаалаад эдгээр бүс нутгийн хооронд хийгдэж буй тээврийн хэмжээ 2015 он гэхэд ойролцоогоор 47 хувиар өсөх юм.

Ази, Европыг холбосон дэд бүтцийг хөгжүүлэх саналыг хоёр тивийн төлөөлөл болсон томоохон орнууд нэлээд олон жилийн өмнөөс гаргах болсон. Тухайлбал, 1997 оноос эхлэн Азийн хөгжлийн банк Төв Азийн орнуудыг дайран өнгөрөх коридор буюу тээврийн гарцыг бий болгоход нэлээд анхаарах болж. Тухайн үед Хятадын Засгийн газар   Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны төслийн  хүрээнд энэ ажлыг идэвхтэй дэмжиж байсан юм. Энэхүү замын төслийн гол хэсэг нь дайрч өнгөрөх учир Казахстаны автозамыг     хөгжүүлэхийн тулд Дэлхийн банк­наас хоёр тэрбум ам.долларын зээл өгч байв. Урьд хожид ийм их зээл гаргаж байгаагүй Дэлхийн банк их л “өгөөмөр” сэтгэлээр ханджээ. Чухамдаа энэ нь Ази, Европыг холбох зам, тээврийг хөгжүүлэх шаардлага их байгааг нотолж байна.

ОХУ-ын талаас Транс-Сибирийн төмөр замын хүчин чадлыг сайж­руулахын тулд 1.5 тэрбум ам.дол­ларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Хаант Оросын үед баригдсан энэхүү төмөр замыг шинэчлэх ажил 2015 он хүртэл үргэлжлэх бөгөөд үүний ачаар чингэлгийн тээвэрлэлт нэмэгдэх юм. Транс-Сибирийн тө­мөр зам Оросын Санкт-Петербург, Архангельск, Владивосток, Но­во­российск боомтуудаас Европ,  Өмнөд, хойд Америкийн томоохон хотуудыг холбож байна.

Евроазийг хөндлөн хэрсэн өөр нэгэн зам нь Хойд транс-Азийн төмөр замын коридор. Хятадын баруун, хойд хэсэг, Казахстан, Оросын нутаг дэвсгэрээр дамжин Европ тивд хүрдэг энэхүү зам нь Транс-Сибирийн төмөр замаас олон давуу талтай хэмээн судлаачид дүгнэдэг. Хятадын Засгийн газар баруун бүс нутгийнхаа аж үйлдвэрийн хөгжилтэй уялдуулж, нутаг дэвсгэр дээр нь байрлах хэсгийн хүчин чадлыг сайжруулахаар ажиллаж байгаа юм. Казахстанаар дайран өнгөрөх хэсэг нь Монголтой хамгийн ойр. Бүр нарийн тодорхойлбол Говь-Алтай аймгийн нутгаар дайрах шахам өнгөрнө. Гэхдээ одоогийн байдлаар Хойд транс-Азийн төмөр замын ажил хөгжих шатандаа яваа хэмээн тодорхойлж болох юм.

Ази, Номхон далайн орнууд болон Европ тивийн хоорондох тээврийн ихэнх нь Суэцийн сувгаар дамжин өнгөрдөг. Азийн орнуудыг Энэтхэгийн далайгаар Европ, хойд Америкийн зүүн эрэгтэй холбох гол судас нь Суэцийн суваг. Гэвч далайн дээрэмчдийн халдлагад өртөх болон Ойрхи Дорнод, Африкийн орнууд дахь улс төрийн байдал тогтворгүй байх зэрэг нь энэхүү усан замын тээврийг үе, үе эрсдэлд оруулдаг билээ. Түүнээс гадна Суэцийн сувгийн нэвтрүүлэх хүчин чадал дээд хязгаартаа тулах дөхөж байгаа учраас хуурай замын тээврийг нэмэгдүүлэх шаардлага ч бас гарч ирж байгаа юм. Ерөнхийдөө Суэцийн суваг, Транс-Сибирийн төмөр замын тээ­вэрлэлтийг өртөг өндөртэйд тооцдог.

Монгол Улс Тавантолгойн нүүр­сийг тээвэрлэх төмөр замын аж­лыг 2014 он гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Тавантолгойгоос Хятадын хил рүү 270 км, ОХУ руу 1100 км төмөр зам тавихаар тогтоод байгаа билээ. Хэдийгээр энэ нь Ази, Европыг холбосон зам, тээврийг хөгжүүлэх том төслийн хүрээнд хийгдсэн ажил биш боловч тодорхой хэмжээнд ач холбогдлоо өгөх боломжтой. Монголчууд байгалийн баялгаас гадна Европ, Азийг холбосон хамгийн ашигтай байрлал бүхий улс гэдгээрээ том давуу талтай. Үүнийг ашиглаад дэд бүтцээ хөгжүүлэх боломж ч бий. Монголын эзэнт гүрний үед торгоны зам тохиолдлоор манай нутаг дээгүүр дайрч өнгөрөөгүй юм шүү. 

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж