
Ном олон хэсэг бүлэгтэй боловч үндсэн санаа нь хүний ялалт, ялагдал нь гадны нөлөөллөөс илүү өдөр тутмын өөрийнх нь сахилга батад оршдог болохыг өгүүлдэг. Өөрийгөө ялах ялалт л хамгийн үнэн ялалт байдаг гэдэг. Энэ ялалт бол бидний сахилга бат, хувийн асуудлаа шийдэх чадвар, цагийн менежментэд тулгуурлана. Цагийн менежмент бол цаг бүрийн ард ажлаа төлөвлөх биш хийх ажлаа хэрэгжүүлэх хугацаатай зөв хослуулах чадвар юм. Үр дүнд нь та завгүй биш харин бүтээмж тань нэмэгдэх учиртай. Цагийн менежментэд “яарч хийснээс хийгээгүй нь өлзийтэй” гэсэн энгийн зарчим үйлчилдэг. Энэ нь юу ч битгий хий гэсэн үг биш, хийхээсээ өмнө сайн бод, сайтар төлөвлө гэсэн санаа. Өмнөө байгаа ажил бүхнийг барьж авч хийх биш юуг хийхээ болих вэ гэдгээс л таны ирээдүйн гэрэл гэгээ шийдэгддэг гээд хэлчихэд буруудахгүй байх. Яарсан хүн хурдан байлаа ч бүтээмж багатай. Яарсан хүн бодож тунгаахаасаа илүү сэтгэл хөдлөлдөө дулдуйдан шийдвэр гаргах магадлал өндөр. Энэ нь эргээд танийг эрсдэлд оруулах эхний алхам болдог.
Харин өнөөдөр Монгол хаашаа ч харсан завгүй хүмүүсээр дүүрчээ. Юуны төлөө гэдгээ ч мэдэхгүй нэг хэсэг нь яарч байхад нөгөө хэсэг нь юу ч хийлгүй цагийг хий дэмий өнгөрүүлнэ. Завгүй байгаа нь ажил их байгаадаа биш ажлаа хуваарилж чадахгүй байгаатай холбоотой. Цаг нь ажлаа биш ажил нь цагаа удирдах учиртай. Ингэж чадвал “яаралтайн” гайт эргүүлгээс гарах боломжтой билээ. Ажлын төлөвлөлт бол энгийн нэг календарьт ажлаа бичих биш гэр бүл, эрүүл мэнд, ажил төрөл, хувийн санхүүгээ хүртэл цогцоор нь харж зохион байгуулах нь чухал болохыг энэ номын зохиогчид онцолж байна. Ингэж чадвал хувийн зохион байгуулалт сайжирна. Хувь хүний бүтээмжийн хувь нэмэгдэнэ, хувь хүний амьдралын чанарын хувь нэмэгдэнэ. “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш” гэсэн мэргэн үг бий. Өөрийгөө ялахыг хүсвэл дээрх номын агуулгатай сайтар танилцаарай. Менежментийн хөгжлийг түүчээлэх зорилготой Монголын Лектор төв уншигч олондоо Ронни Эйзенберг, Кэйт Келли нарын бичсэн “Хувийн зохион байгуулалтаа сайжруулах 52 алхам” хэмээх олон саяаар борлогдож буй бэстсэллэр бүтээлийг толилуулж байна.
“Хувийн зохион байгуулалтаа сайжруулах 52 алхам” номын эхний хувилбарыг бичсэнээс хойш 18 жилийн дараа бидний амьдарч буй ертөнц маш их өөрчлөгдсөн байна. Өнөө үед бид маш их хэмжээний захиа, шуудан, цахим шууданд дарагдаж, хаана ч байсан гар утсаар хүмүүст “баригдаж”, факсын аппаратууд унших ёстой гэсэн шиг цаас овоолж, зөөврийн компьютер дэх цахим төлөвлөгч, хуанли дэвтрийг орлосон үед амьдарч байна.
Амьдралыг хөнгөвчлөх өөр олон зүйлс ч байна. Банкныхаа дансыг төлбөрийн чектэй болгож, янз бүрийн төлбөр төлөх гэж дугаарлан зогсохын оронд гэрээсээ цахим хэлбэрээр төлчихөж болдог болсон. Сүүлийн үеийн гар утаснууд амьдралыг хөнгөвчлөх олон гайхалтай хүчин чадалтай болж, зөв ашиглавал компьютер, факс ч цаг хэмнэгч болоод байна.
Номынхоо 21 дүгээр зууны хувилбарт оруулах ёстой өөрчлөлтүүдийн талаар бодож байхдаа “Хувийн зохион байгуулалттай холбоотой суурь зөвлөгөөнүүд цагийн эрхээр хувиршгүй, хэвээрээ байх ёстой” гэсэн бодолд эзэмдүүлж байлаа. Тиймээс өмнө нь бичиж байсан суурь зарчмуудаа өнөөгийн ертөнцөд хэрхэн хэрэгжүүлж болохыг уншигчдад үзүүлэхээр шийдлээ.
Амьдралаа хянаж, удирдахыг хүсдэг хүмүүсийн тэмүүлэл хэзээд өөрчлөгддөггүй ажээ. Хувийн зохион байгуулалтаа сайжруулах арга замуудыг хүмүүс сургахдаа амьдралаараа жишээ болдог би бээр хүмүүсээс байнга ижил хариу сонсдог. “Чи миний оронд байсан болоосой!” Ингэж хэлснийхээ дараа хүмүүс санаа алдаж, үнэнээ хэлдэг. “Эмхэлж цэгцлэх чинь их цаг авах юмаа. Амжихгүй юм” гэнэ. Хүмүүсийн голдуу хэлдэг зүйл гэвэл:
- “Хувийн зохион байгуулалтаа яаж нэмэгдүүлэхээ мэдэхгүй байна”
- “Тэрний оронд бүх юм байдгаараа л байж байвал зүгээр юм”
- “Би чинь хүүхэдтэй шүү дээ”
- “Хувийн зохион байгуулалтаа сайжруулчихвал бүтээлч байхаа болих байх аа”
- “Миний асуудлууд бусдынхаас шал өөр өө. Тийм болохоор би хувийн зохион байгуулалт сайтай байж чадахгүй байх” гэх мэт.
Эдгээр шалтгуудын зарим нь үнэн ч гэлээ хувийн зохион байгуулалт сайтай хүмүүс амжилтанд хүрэхэд нь тусалсан зүйлсийн талаар ижил нууц хуваалцдаг. Тэд амжилтанд хүрэхийн тулд төлөвлөх, эрэмбэлэх, сахилга баттай байх ёстой гэцгээдэг. Тэд өөрсөддөө тохирсон системийг бий болгож чаддаг.
Үүний шагнал нь юу вэ? Санаа сэтгэл амгалан байж, өөртөө зориулах цагтай байх, хэрэгтэй бичиг баримтуудтай хавтсаа алга болгохгүй байх, найзынхаа утасны дугаарыг мартахгүй байх гээд олон зүйл байна. (Хувийн зохион байгуулалтгүйгээсээ болоод цаг дэмий үрэх шиг онцгүй зүйл байдаггүй)
Хувийн зохион байгуулалт гэдэг нь хэрэгтэй зүйлээ түвэггүй олох, ажлаа цагт нь амжуулах, амьдралаа хянаж чадаж байх явдал юм. Хаалгаа хурдхан цоожлоод цаг хожихын оронд түлхүүрээ хайн мунгинах нь ямар ашигтай юм бэ?
Ихэнх хүмүүс хувийн зохион байгуулалтгүйгээс болоод амьдралаа хянаж чадахаа больчихсон байхтай би таардаг. Нэг эмэгтэй гэр нь нүүснээс болоод ухаанаа олохоо больчихсон ирсэн бол хоёр дахь эмэгтэй ширээ нь “археологийн малтлагын талбай” шиг болсон тухай утсаар хэлж, гурав дахь эмэгтэй шинэ даашинз, гутал худалдан авч, үс зүсээ янзлуулан очсон ч буруу үдэшлэгтээ очсон тухайгаа бухимдан ярьсан. Нэг нь сонингоос миний нэрийг үзээд утсаар ярьсан юм. Тэрээр “Би сая тань руу ярихгүй бол утасны дугаарыг тань бичсэн цаасаа алга болгох гээд байсан юм” гэж билээ. Үйлчлүүлэгчдийн минь жагсаалт иймэрхүү маягаар үргэлжилнэ.
Саявтархан би нэг эмэгтэйтэй уулзсан юм. Тэрээр “Би хувийн зохион байгуулалт их муутай. Супермаркет ороод юу авах гэж ирсэнээ мартчихдаг юм. Хуралд орохдоо чухал бичиг баримтуудаа мартчихсан байдаг. Үргэлж хоцорно. Хувийн зохион байгуулалтаа сайжруулчихвал амьдрал минь их хялбар болох гээд байна” гэж билээ. Би түүнээс “Тэгээд яагаад хувийн зохион байгуулалтаа сайжруулахгүй байгаа юм бэ?” гэж асуусан юм. Тэр “Яаж сайжруулахаа л мэдэхгүй байна л даа” гэсэн юм.
Та энэ номыг худалдан авсан байна. Тиймээс яг одооноос эхлээд хувийн зохион байгуулалтаа сайжруулъя гэж шийдсэн бололтой. Тэгвэл таньд дуулгах сайхан мэдээ байна. “Хүсвэл хэн ч гэсэн хувийн зохион байгуулалтаа сайжруулж чадна!” Хувийн зохион байгуулалт бол сурч болдог чадвар юм. Хамгийн хэцүү нь удаан хугацаанд хэвшүүлж ирсэн муу зуршлуудаа л өөрчлөх явдал байдаг. Жишээлбэл бичиг цаас овоолдог гэх мэт. Хувийн зохион байгуулалтаа нэмэгдүүлэх гол түлхүүр бол нэг багахан алхам хийж, хэсэг хугацааны дараа дахиад нэг алхам хийх байдаг. Хэдэн жил хийх гээд чадаагүй зүйлсийг хэдэн цагийн дотор хийж чадаж байгааг хараад та бүр гайхах вий!
Амьдралд тань эерэг өөрчлөлт гараад ирэхээр урам зориг орж, улам шургуу хийж эхлэнэ.
Хэрвээ та энэ номын санаануудыг хэрэгжүүлвэл эмх замбараагүй байдлаас гарч, амьдралынхаа эзэн болох болно. Хамгийн гол нь нэгэнт эхэлчихсэн бол тууштай байгаарай. Хувийн зохион байгуулалт хийж эхлэх нь эхний алхам төдий бол тууштай байдал таныг энэ замаар явуулна.
Уг номыг эхнээс нь дуустал уншиж болно. Эсвэл хамгийн сонирхолтой санагдсан хэсгийг уншаад байж болно. Хамгийн гол нь шургуу ажиллаж, номоо гарын дор байлгаарай. Ингээд одоо эхэлье дээ.