Дорнодод осол гарч, дөрвөн хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Дорнодод осол гарч, дөрвөн хүн амиа алджээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын төвөөс Улаанбаатарын чиглэлд 60 гаруй км газарт энэ сарын 1-нд буюу өнгөрөгч мягмар гаригт “Land Cruiser-100” маркийн автомашин онхолдож, дөрвөн хүн газар дээрээ нас барж, хоёр хүн  хүнд гэмтжээ. Энэ талаар аймгийн Цагдаагийн хэлтсийн хошууч н.Батсүхээс тодрууллаа.

-Баян-Уул суманд гарсан ослын талаар тодруулаач?

-Уржигдар Баян-Уул сумаас Улаанбаатарын чиглэлд явж байсан Land-100 маркийн автомашин осолдож, дөрвөн хүн нас барсан тухай мэдээлэл хүлээн авсан. Аймгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах алба, Шүүх шинжилгээний ажилтан, Замын цагдаагийн  газраас зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ослын газарт ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн өнөөдөр оройдоо аймгийн төвд ирнэ. Одоогоор ослын шалтгаан нөхцөл тодорхойгүй  байна.

-Машин хурд хэтрүүлэн явж байсан юм болов уу?

-Ажлын хэсгийнхэн ослын газарт ажиллаж байгаа. Одоогоор шалтгаан  нь тодорхойгүй байна. Жолооч нь Улаанбаатар хотын харьяат. Машин дотор Баян-Уул сумын иргэд зорчиж явсан юм билээ. Бартаагүй шороон замд л осол гарсан гэсэн мэдээлэлтэй байна гэх хариулт өглөө.

Ослын талаар Баян-Уул сумын иргэн Д-ээс тодруулахад “Машинд жолоочоос гадна есдүгээр ангийн хүү ээжтэйгээ,  бас эхнэр нөхөр хоёр,  нэг эмэгтэй  сууж явсан. Жолооч болон ганцаараа явж байсан эмэгтэй амьд үлдсэн юм билээ. Гэхдээ ослоос амь гарсан эмэгтэйн биеийн байдал маш тааруу байгаа гэсэн. Ер нь тэр газарт өмнө нь хэд хэдэн удаа осол гарч байсан. Миний сонссоноор машиных нь дугуй буудаад онхолдсон бололтой” гэх мэдээлэл өглөө.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж