
-Өнгөрсөн амралтын өдөр таны машинд халдсан гэсэн мэдээлэл хэвлэлд гарчээ. Та үүнийг санамсаргүй тохиолдол гэж үзэж байна уу, эсвэл улс төрийн зорилготой хэн нэгний санаатай үйлдэл үү?
-Би энэ үйл явдалд ач холбогдол өгөхгүй байгаа. Ийм жижиг зүйлийг дэвэргэж сенсаац хөөх хэрэггүй. Машины зургийг сэтгүүлчид гуйгаад байхаар өгчихсөн юм. Тэгсэн хэвлэчихсэн байна лээ. Ийм л юм болсон.
-Үүнээс гадна сүүлийн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарын хэвлэлд өгч байгаа ярилцлага, мэдэгдэл, хэрүүл нь олны анхаарлыг татаж байна. Энэ бас дэвэргэх хэрэггүй сенсаац уу?
-Би МАХН-ын мэдэгдэлтэй анхааралтай танилцсан. Монголд болж байгаа болон болж өнгөрсөн улс төрийн нөхцөл бололцоог шинээр харахыг шаардсан цоо шинэ чиг хандлага гэж ойлгож байгаа. Энэ бол Н.Энхбаяр, Ц.Нямдоржийн хувийн харилцааны тухай асуудал биш гэж харж байгаа. Монгол төрд нам дамнасан мафийн бүлэглэлийг олж харахыг биднээс, МАН, АН болон иргэдээс шаардсан ноцтой асуудал.
Н.Энхбаяр даргын иргэний эр зориг, байр суурийг үнэлэхээс өөр арга байхгүй. Зөвхөн Ц.Нямдоржид мартсаныг нь сануулаад зогсохгүй, миний мартсаныг хүртэл сануулж байна лээ. 1998 онд Ардчилсан холбоо эвслийн анхны Засгийн газрыг Ц.Нямдорж бусадтай үгсэн хуйвалдаж огцруулах гэж байна гэсэн мэдэгдлийг би хийж байсан юм. Тэгсэн Ц.Нямдорж намайг гүтгэлээ гээд гоншигнож Ерөнхий сайд намайг шүүхэд өгч олон сая төгрөгийн торгууль тавьж шийтгэл хүлээлгэж байсан удаатай. Би түүнийг нь Ц.Нямдоржид төлөх гэж хэрэндээ зовсон. Гэвч дараа дараагийн үйл явдлууд миний мэдэгдэж байсны дагуу болж Ардчилсан хүчний анхны Засгийн газар огцорсон юм. Тэр цагаас л хойш нам дамнасан бүлэглэл үүсч байж дээ гэж одоо бодож байна.
2004 онд намайг Ардчилсан намын дарга байхад “даргагүй нам сонгуульд яаж орохыг чинь харна аа “ гэж Ц.Нямдорж дарамталж байв. Одоо бодох нээ Францаас хүн хулгайлж ирж намайг гүтгэх арга хэмжээгээ зохион байгуулж байснаа хэлж байсан юм билээ. Энэ бол түүний гэм биш зан л даа. Тиймээс Ц.Нямдоржоор шалгуулахгүй гэх нь Н.Энхбаярын түмэн зөв.
-Энэ хоёр нь таны хувьд л шалтгаан юм биш үү?
-Ц.Нямдорж айлган сүрдүүлгийг Монголд хамгийн тохирно гэж үздэг хүн. Энэ талаар түүний амнаас нэг биш удаа сонсч байсан. Хууль хатуу байх ёстой энээ тэрээ гэж байгаад тэнсэн ялгүй, өчүүхэн хэрэгт шоронд суулгах өөрчлөлтийг Ц.Нямдорж хийсэн. Үүнийх нь үр дагавар болж дөнгөж дунд сургууль төгсөөд гэнэн үйлдлээсээ болж шоронд суусан хүүхдүүд олон байсан. Энэ бол Ц.Нямдоржийн явуулж байсан бодлогын золиос. Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойгоор Өршөөлийн тухай хууль гаргаж олонхи хүүхдүүдийг шоронгоос гаргаж билээ. Гэтэл бас л түүний явуулгаар 30-аад хүүхэд шоронд үлдэхээр болсон байдаг. Би Н.Энхбаяр Ерөнхийлөгчид тэр хүүхдүүдэд уучлал үзүүлээч гэсэн. Н.Энхбаяр дарга шуурхай арга хэмжээ авч, Монгол Улс хэсэгхэн хугацаанд шоронд хүүхдээ суулгаагүй орон болж чадсан. Одоо буцаад л шоронд залуу үе маань орж байгаа. Энэ бол Ц.Нямдоржийн “гавьяа”. Бас Ц.Нямдоржийг Хятадын тагнуулын албанд санамсаргүй болон санаатай үйлчилсэн тухай яриа дэгдэхэд өөрийгөө хамгаалахын тулд генерал Баатарыг шоронд явуулж билээ. Манай тагнуулын байгууллагад өгсөн том цохилт гэж хэлж болох байлгүй дээ. Зарим материал нь надад одоо ч хадгалаастай байгаа.
-Танд ямар материал байгаа юм бэ. Олон нийтэд дэлгэж болох уу?
-Д.Энхбатыг хулгайлсан хэрэг мандахад бас өмгөөлөгч, сөрөг тагнуулын албаны дарга байсан Санжаасүрэнг шоронд илгээсэн. Авлигатай тэмцэх алба байгуулаад даргыг нь шоронд явуулчихдаг төр байгаад би үнэхээр харамсч байна. Авлигатай тэмцэх эр зоригийг мохоох шаардлага хэнд байв гэсэн асуулт асууя. Ер нь бол Н.Энхбаярын гэх зохиомол хэрэг хэрэг байлаа ч тэр нь авилгын тухай биш, албан тушаалтны тухай хэрэг болох биз. Харин Ц.Нямдоржийн хувьд авилгын хэрэг яригдаж байна. Ц.Нямдорж ажлаа өгөөд шалгуулчих.
Би Монгол төрийн тэргүүн байсан хэнбугайн ч эсрэг “хэрэг зохиох” үйлдлийг Монгол төрийн уламжлал, өвөг дээдсийн үлдээсэн өвд дайрсан хамгийн бүдүүлэг халдлага гэж үзэх болно. Үүнийг үе үеийн Ерөнхийлөгч нар болон өнөөгийн Ерөнхийлөгч мэдтүгэй. Та нарын дуугүй байгаад, үе үеийн Ерөнхийлөгч нар үймээгүй байгаа нь таалагдахгүй байна шүү. Та нарыг ч энэ хувь тавилан хүлээж байж магад. Тэр үед би бас л эсэргүүцэж л таараа.
-Сонгуулийн жил ойртсон нь улс төрийн хүрээнийхнийг хөдөлгөөнд оруулж эхэллээ. Та УИХ-ын төвшинд ярьж байгаа сонгуулийн хуулийн талаар ямар бодолтой байгаа вэ?
-Сонгууль хийхдээ биш, тоолохдоо гэж МАНАН-гийн удирдлага хоорондоо ярьсан сураг гарч байна лээ. Ялангуяа АН-ын дарга Н.Алтанхуяг тэгж ярьсан бололтой. Монгол жижигхэн шүү дээ. Хэн, хаана юу ярьж байдаг нь миний чихэнд хүрээд байх юм. Монголоо бодож байгаа бол ингэх хэрэггүй.
-Сонгууль дөхөхөөр улстөрчид бие биеэ хэвлэлээр их нүдэх юм аа. Энэ байдал нь ихэнхдээ иргэдэд таалагдахгүй байна. Манай улстөрчид дэндүү бүдүүлэг байгаа юм биш үү. Та улс төрийн тогоонд олон жил чанагдсан хүн. Тэдэнд зөвлөгөө өгч болохгүй юу. Эсвэл би ч гэсэн тэдэнтэй адил үйлдэл гаргана гэж бодож байгаа юу?
Та үүнтэй санал нийлдэг үү?
-Товчхон хариулъя. Ноцтой асуудал. Гэрээг эргэж харж үндэсний эрх ашгаа хамгаалах хэрэгтэй байгаа. Хамгийн ноцтой нь гэрээг хийхэд гаднынханд өнөө л Ц.Нямдорж битүүхэн зөвлөхөөр ажилласан гэсэн яриа байгаа. Хэд хэдэн түүний дотор, гадаад хүнээс сонссон зүйл юм шүү, энэ. Нээрээ тийм байж магадгүй гэдэг нь Ц.Нямдоржийн үйлдлээс харагддаг. Хууль зүйн сайдынхаа хувьд Оюутолгойн гэрээний Монгол талын хэсэгт орж ажиллахаас өөрөө татгалзсаны учрыг тайлмаар байгаа юм. Яваандаа учир нь тайлагдах зайлшгүй танигдах үйлдэл мөн л дөө.
-УИХ-аар одоо төсөв хэлэлцэж байгаа. Ирэх жилийн төсөв сонгуульд зориулагдсан төсөв гэж ярилцаж байна. Та энэ тал дээр саналаа хэлэхгүй юу?
-Төсөвт амлалтаа биелүүлэх мөнгө тусаасай л гэж бодож байна. Амлалтаа биелүүлэхгүй бол улс төрийн тооцоо бодох ирэх жилийн сонгууль ойртлоо шүү гэдгийг УИХ-ын гишүүдэд сануулж байна.
Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин.
