МСБХ Пэпситэй хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

МСБХ Пэпситэй хамтран ажиллана

Дэлхийд тэргүүлэгч PEPSI брэндийн Монгол дах онцгой эрхт үйлдвэрлэгч “Жи Эн Бевережис” ХХК болон Монголын Сагсан бөмбөгийн холбоо урт хугацаанд хамтран ажиллахаар болж, УИХ-ын гишүүн, Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил, “Жи Эн Бевережис” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Батмагнай нар хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээний үндсэн зорилго нь сагсанбөмбөгийн спортыг Монголд хөгжүүлэх, сурталчлах, улмаар Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, түүнчлэн уг спортоор дамжуулан өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа архидалт, тамхидалтаас урьдчилан сэргийлэх, хүрээлэн буй орчноо хамгаалах зорилгоор Пэпси брэндээс санаачлан хэрэгжүүлж буй АРХИГҮЙ-ТАМХИГҮЙ-ХОГГҮЙ ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд нийт дөрвөн төрлөөр сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулах ба 11 дүгээр сараас эхлэн ЕБС-ын сурагчдын аварга шалгаруулах “Pepsi Junior League”, мөн мэргэжлийн сагсанбөмбөгийн тамирчдыг шалгаруулах “Pepsi-D League”, 2012 оны нэгдүгээр сараас их, дээд сургуулиудын оюутнуудын аварга шалгаруулах “Pepsi College League”, 2012 оны Монголын үндэсний сагсанбөмбөгийн аварга шалгаруулах “Pepsi National League” тэмцээнүүдийг зохион байгуулах юм байна.

Дашрамд дурдахад, Pepsi брэнд нь Монголд үйлдвэрлэгдэж эхлээд нэг жил болж байгаа боловч өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын урлаг соёл, өв уламжлал, байгаль экологийг хамгаалах, хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг идэвхитэй санаачлан хэрэгжүүлж байгаа бол энэ удаад нэг жилийн ой дээрээ Монголын спортын салбар, тэр дундаа сагсанбөмбөгийн спортыг дэмжиж ажиллахаар боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж