Өрийн хямрал “Их-20”-ийг дахин цуглуулав

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Өрийн хямрал “Их-20”-ийг дахин цуглуулав

Евро бүсийн орнуудыг дайраад буй өрийн хямрал улам дордож болзошгүй байгаа энэ үед “Их-20” гүрний удирдагч нар Францад ээлжит дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн иржээ. “Их-20” гүрний удирдагчид Грекийн бүх нийтийн санал хураалтыг хүлээж, тус улсад найман тэрбум еврогийн зээл олгох асуудлыг хойшлуулахаар болжээ. Евро бүсийн орны лидерүүд өрийн хямралыг арилгах Европын санхүүгийн тогтвортой байдлыг хангах санд дэмжлэг үзүүлэхийг Хятад улсаас хүссэн боловч татгалзсан хариу сонссон байна. Грек Европын холбооноос хоёр дахиа зээл авах бүх нийтийн санал хураалтыг ирэх арванхоёрдугаар сарын 4, 5-нд явуулахаар болжээ. Германы Канцлер Ангела Меркел Грекийн бүх нийтийн санал хураалтын дүн тус улс Европын холбоонд үлдэхийг хүсч байгаа үгүйг харуулах болно гэж мэдэгдсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Францын Ерөнхийлөгч Николя Саркози нар Евро бүсийн өрийн хямралаас гарах арга замыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ Их Британи ОУВС-д үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээ амласан байна.

Өрийн хямралд гүн орсон Грек халамжийн зардлаа багасгаж, татварыг нэмэгдүүлсэн төсвийн хатуу бодлого хэрэгжүүлэхээр болсон нь олон нийтийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн. Гэсэн хэдий ч Грекчүүд нэгдсэн мөнгөн тэмдэгт еврогоос татгалзахгүй, Европын холбооноос гарахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Жорж Папендео мэдэгдсэн юм. Хэрвээ Грек Европын холбооноос гарвал хөрөнгө оруулагчид болон Европын банкууд дампуурна гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Үүний дараа Португаль, Ирланд Грекийн араас орж, зээлийн өртөг улам нэмэгдэнэ гэжээ. Грек еврогоос татгалзаж, үндэсний мөнгөн тэмдэгтээ гүйлгээнд гаргавал тэр нь үнэгүйдэх аюултай тул грекчүүдэд Европын холбооноос гарах ямар ч ашиггүй гэж эдийн засагчид үзэж байгаа юм. “Их-20” гүрний уулзалтад супер найман гүрний удирдагч нараас гадна хөгжиж буй Хятад, Энэтхэг, Бразили болон Саудын Араб зэрэг дэлхийн эдийн засагт гол үүрэг гүйцэтгэдэг орнуудын тэргүүд оролцож байна. Германы Канцлер Ангела Меркел “Нэгдсэн мөнгөн тэмдэгт еврогийн ханшийг тогтвортой байлгах нь бидний үүрэг. Тиймээс Евро бүсийн тогтвортой байдлыг хангахын тулд Европын холбооны тэргүүд Грекийг холбооноос гарахгүй байх нь дээр гэж үзэж байна” гэжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж