Улаанбаатарыг хөгжүүлэх үнэт цаас гаргана

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатарыг хөгжүүлэх үнэт цаас гаргана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай гэсэн багц төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэхүү багц төслийн хүрээнд орон нутаг бие даан санхүүжилтээ бий болгож, түүнийгээ захиран зарцуулах үүрэг хүлээж буй юм. Гэхдээ орон нутгийнхны хувьд төвлөрүүлсэн хөрөнгөө хууль бусаар захиран зарцуулсан нөхцөлд төсөв ерөнхийлөн захирагч нарт хариуцлага хүлээлгэдэг болгох эрх зүйн зохицуулалтыг ч тусгаж өгчээ. Тухайлбал, албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар зааж өгсөн юм байна. Мөн торгуулийн хэмжээг ч тусгаж өгчээ. Харин орон нутаг НӨАТ-ын 25 хувь, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн таван хувийг авч үлдэж, орон нутгаа хөгжүүлэх чиглэлд сан бий болгон ашиглана. Хэрвээ ИТХ хуралдаад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргах юм бол энэ эрх бас бий. Ийм үед таван хувийг өсгөх бололцоотой. Улаанбаатар хотын хувьд өөрийгөө хөгжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана. Нийслэлийн оршин суугчид Улаанбаатар хотод амьдарч байгаа хүрээндээ татвар төлнө.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дондог орон нутаг бүр ашигт малтмалаа олборлуулах уралдаанд орох вий гэдэг болгоомжлолыг хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулах хүсэлтэйгээ илэрхийлэв. Учир нь энэхүү Төсвийн тухай багц төслийг Засгийн газрын зүгээс боловсруулан УИХ-аас өргөн мэдүүлсэн. Энэ үед нийтдээ 60 гаруй заалттай байсан. Гэтэл УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн төвшинд нэмж 70 шахам заалт нэмж тусгасан. Ингэснээрээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн агуулга концепци алдагдчихсан байх вий гэдгийг болгоомжууллаа. Нөгөө талаас энэхүү хуулийн төсөл нь хэн лоббитой орон нутаг руугаа ахиу хөрөнгө оруулалт татдаг гаж тогтолцоог өөрчлөх ёстойн зэрэгцээ Монгол Улсын хөгжлийн бодлоготой уях гэдэг утгаараа хамт хэлэлцэх ёстой гэж байлаа. Харин Сангийн сайдын хувьд Төсвийн хуулийг Монгол Улсын хөгжлийн бодлоготой заавал хамт нэг дор хэлэлцэх шаардлагагүй. Засгийн газрын төвшинд Монгол Улсын хөгжлийн бодлогын төлөвлөлт боловсруулагдаж байна. Үндсэн концепци нь бол ойлгомжтой гарчихсан, Төсвийн тухай хуульд тусчихсан гэсэн хариулт өгч байна. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь баталсан юм. Мөн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж