Бэлэн мөнгөний нийлүүлэлт алтны үнийг хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Бэлэн мөнгөний нийлүүлэлт алтны үнийг хөөргөнө

Евро бүсийн бэлэн мөнгөний нийлүүлэлт алтны үнийг хөөргөнө

Европын Санхүүгийн тогтвортой байдлын сангийн тэргүүн Клаус Реглинг Бээжинд очиж, эрх ба­ригчдыг нь царайчилжээ. Ингээд зогсохгүй дараа нь Токио руу япончуудыг аргадахаар мордсон байна. Евро бүсийн эдийн засгийн хямралыг намжаахын тулд Хятадын бэлэн мөнгө хэрэгтэй. Харин япончууд өөрсдөдөө байхгүй бэлэн мөнгийг түүнд амласангүй. Тэд Европын Санхүүгийн тогтвортой байдлын сангийн бондыг худалдаж авах замаар хямралын эсрэг ажиллагаанд оролцож болохыг санал болгосон юм. Японы Сангийн сайд Жун Азуми өнгөрсөн долоо хоногт “Бид дахин нэмж бонд худалдан авах хүсэлтэй байна” гэжээ. Тус улсын хувьд одоогийн байдлаар Европын Санхүүгийн тогтвортой байдлын сангийн бондын 20 гаруй хувийг худалдаж авчихаад байгаа.

Европын Санхүүгийн тогтвортой байдлын сангийн хөрөнгөөр Грек, Исланд, Португаль зэрэг оронд зээл олгосон юм. Цаашид Евро бүсийн аль нэг орон дампуурахдаа тулбал тийш нь ч зээл өгнө. Тиймээс уг сангийн хөрөнгийг нэмж байна гэдэг бүс нутгийн хэмжээнд дахин өөр нэг улс хүнд байдалд орохыг урьдчилан харсан хэрэг болж байна. “Анхнаасаа Евро бүсэд Грекийг багтаах хэрэггүй байсан юм” гэж санааширч суугаа европчууд Азийн орнуудын хө­рөнгөд баталгаа гаргаж чадахгүй гэдгээ ч үүгээр нотлох аястай. Бүс нутгийн хямралыг арилгахын тулд их хэмжээний бэлэн мөнгө гаргахаар болсон нь хамгийн том эрсдэл дагуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт Европын холбооны удирдагчид Грекийн өрийн тал хувийг “цайруулж”, Санхүүгийн тогтвортой байдлын сангийн хөрөнгийг нэг их наяд евро буюу 1.4 их наяд ам.доллараар нэмэхээр болсон. Францын Каннд өнөөдөр эхлэх Их 20-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр бүс нутгийн хямралыг намжаахын тулд бэлэн мөнгө гаргах болсон асуудлыг хэлэлцэх юм. Энэ үеэр илүү нарийвчилсан мэдээлэл өгнө хэмээн зарим хэвлэлд онцолжээ. Өмнөд Африк болон БРИК-ийн орнууд Европын бодлогыг дэмжиж байгаа боловч зах зээл рүү бэлэн мөнгө гаргах нь мөн л томоохон эрсдэл дагуулдаг. Тухайлбал, энэ удаад “Moody’s” агентлаг үүнээс болоод зарим орны зээлжилтийн зэргийг ААА байсныг АА болгон бууруулж магадгүй аж. Түүнчлэн цаашид түүхий эдийн зах зээлд энэ нь тодорхой хэмжээнд нөлөөлж, алтны ханшийг хөөргөх бололтой.

АНУ-ын Холбооны нөөцийн сан “QE I”, “QE II” хөтөлбөрийн хүрээнд маш их хэмжээний ам.доллар зах зээлд гаргаж байв. Эхнийх нь яах вэ, санхүүгийн ид хямралын үед дампуурлын ирмэгт очсон томоохон банк, санхүүгийн байгууллага, “Женерал Моторс” тэргүүтэй үйлдвэрлэгч компаниудын хувьцааг худалдан авахад зориулагдсан. Харин хоёр дахь хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газрын бондын арилжаанд оролцож, худалдан авахад чиглэсэн юм. Үр дүнд нь ам.долларын ханш навс унаж, алтны үнэ чангаран АНУ-д инфляци хурдацтай өссөн билээ. Ам.доллар үнэгүйдэхийн хэрээр энэхүү валютаар нэрлэж арилжаалдаг газрын тосны үнэ буурсан боловч Ойрхи Дорнодын үймээнээс болоод тэгтлээ шалдаа буучихаагүй. Хаа сайгүй үнийн хөөрөгдөл газар авч, үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч байгаа энэ үед өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий Хятад тэргүүтэй орон эдийн засгаа хөргөх бодлого баримталж байгаа. Үүний ачаар инфляцийг тодорхой түвшинд хүргэж буулгах боломж нь нээлттэй болсон. Харин зах зээл рүүгээ бэлэн мөнгө гаргаж байгаа орнуудад байдал эсрэгээрээ байгаа аж.

Европын Санхүүгийн тогтвортой байдлын сангийн хөрөнгийг нэмэх сургаар олон улсын түүхий эд, металлын биржүүдийн арилжаа идэвхжсэн байна. Гэхдээ энэ бол түр хугацаанд үзүүлж буй нөлөө. Учир нь Европын хямрал намжихын хэрээр иргэдийнх нь гар дээр бэлэн мөнгө эргэлдэж, түүнийг дагаад хэрэглээ нь өснө гэсэн үг. Тиймээс түүхий эд худалдан авах нь ч бас ихсэнэ гэх хүлээлт бий болсных. Харин түр хугацаанд гэж тодотгосон нь одоогийн байдлаар Евро бүсийн хямрал намжаагүй, Их 20-ийн орнууд эл асуудлыг дахин нарийвчлан хэлэлцэх учир асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа гэсэн үг.

Хятадын хувьд Европт туслах шалтгаан нь олон улсын тавцан дахь хүч, нөлөөгөө ихэсгэх гэсэн хүсэлтэй нь холбоотой. АНУ үүнийг зүгээр тэвчиж суухыг хүсэхгүй байгаа боловч хаа байсан Евро бүсийг аврахад туслах мөнгөгүй учир хөндлөнгөөс ажиглахаас өөр аргагүй юм. Бүс нутгаа хямраасан гол буруутан Грекийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэхийг шийдэх санал хураалт удахгүй явуулахаар болсон. Энэ үеэр тус улсын Ерөнхий сайд Папандреоуг дэмжигчдийн тоо цөөхөн байвал Грекийн Засгийн газар огцроход хүрнэ. Гэсэн ч ямар ч шинэ Засгийн газар гарч ирсэн хамаагүй, тус улсын хувьд Европын холбооноос үзүүлж буй аливаа тусламжийг авч, бүсээ чангалахаас өөр сонголтгүй юм. Эс тэгвэл энэ оны эцэс гэхэд Грек эдийн засгийн хувьд бие даан оршин тогтнох боломжгүй гэдгээ албан ёсоор зарлахад хүрчихээд байна. Ямартай ч Европын Санхүүгийн тогтвортой байдлын сангийн хөрөнгийн тодорхой хэсэг эхний ээлжинд Грект зориулагдах нь бараг тодорхой. Гэхдээ энэ бол эдийн засаг нь халчихаад байгаа Герман тэргүүтэй томоохон орнуудад төдийлөн ашигтай санал биш юм. Тиймээс Европын төв банк эдийн засаг нь халсан томоохон орнууд, хүнд байдалд орсон Грек зэрэг улсын хоорондын тэнцвэрийг хадгалсан мөнгөний бодлого баримтлахад хүндрэл үүсээд байгаа билээ.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж