Залуучуудын шигшээ багийн сонгон шалгаруулалт болов

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Залуучуудын шигшээ багийн сонгон шалгаруулалт болов

Олон улсын жүдо бөхийн холбооноос аравдугаар сарын 28-ныг “ДЭЛХИЙН ЖҮДОГИЙН ӨДӨР” болгон зарлаж, жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон билээ. Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлүүд дотроос хамгийн олон орны төлөөлөл, оролцогчтой спортын нэг болтлоо дэлхийд хүчтэй, өргөн дэлгэр хөгжсөн жүдо бөхийг үндэслэгч Жигоро Кано 1860 оны аравдугаар сарын 28-нд мэндэлсэн бөгөөд үндэслэгчийнхээ төрсөн өдрийг ийн онцолж, ДЭЛХИЙН ЖҮДОГИЙН ӨДӨР болгосон байна.

Зөвхөн спорт төдийгүй ёс суртахуун, амьдрах ухааны том хичээл сургууль болдог гэсэн тодотголтой жүдо бөхийг дэлхий даяар сурталчлах энэ жилийн өдөрлөг “Хүндлэл” гэсэн уриатай болж өнгөрлөө. Манай улсад энэ өдөр цөөнгүй арга хэмжээ зохиогдсоны нэг нь залуучуудын шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн юм. Энэхүү тэмцээнд 2010, 2011 оны залуучуудын УАШТ-ээс медаль авч, шагналт байрт шалгарсан 80 гаруй тамирчин оролцсон ба жин бүрийн аваргуудыг шигшээ багт авчээ. Эдгээр тамирчдыг цалинжуулахаас гадна олон улсын таван тэмцээнд зардлыг нь дааж оролцуулахаар болсон байна.

 

Сонгон шалгаруулах тэмцээний аваргууд:

Эрэгтэй:

55 кг – Д.Бямбасүрэн (БТСДуС)
60 кг – Н.Сэр-Од (Хангарьд)
66 кг – Г.Хэрлэн (Женко)
73 кг – Н.Хадбаатар (Хангарьд)
81 кг – Л.Отгонбаатар (ОБЕГ)
90 кг – Н.Мустафа (Хүч)
-100 кг – Д.Анар (ОБЕГ)
+100 кг – Ө.Дүүрэнбаяр (СХД)
 
Эмэгтэй:

48 кг – Ц.Хандсүрэн (Хүч)
52 кг – Ч.Аззаяа (Хилчин)
57 кг – А.Батзул (Женко)
63 кг – Б.Мөнгөнчимэг (Женко)
70 кг – Э.Хандармаа (Женко)
-78 кг – Т.Баасанжав (Женко)
+78 кг – Д.Золжаргал (Женко)

 
Жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал боллоо
 

Арваннэгдүгээр сарын 1-нд МЖБХ-ны Удирдах зөвлөлийн хурал болж, “Чингис хаан-2011” Дэлхийн цомын тэмцээний тайланг хэлэлцэж, “Лондон-2012” олимпийн наадмын бэлтгэл ажлын талаар хуралдав. Тамирчдын бэлтгэл сургуулалтыг эрчимжүүлэх, сахилга батыг сайжруулах, тамирчдын ахуй хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах талаар ярилцав.

Б.Мөнх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж