”Ийгл” ТВ “Metals Mongolia”-г шууд дамжуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

”Ийгл” ТВ “Metals Mongolia”-г шууд дамжуулж байна

“Metals Mongolia-2011” хэмээх энэхүү чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Монголд анх удаа болж буй энэхүү чуулга уулзалтаар уул уурхай, металлургийн салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах, уг төслүүдэд олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх гэнэ. Чуулга уулзалтад 16 орны 170 гаруй компанийн 800 төлөөлөгч оролцож байна.

Чуулга уулзалтад Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайл Х.Баттулга, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нар төлөөлөгчид хүндэтгэл үзүүлэхийн ялдамд төсөл хөтөлбөрүүдийнхөө талаар танилцуулах аж.

“Металлын аж үйлдвэржилт- хөгжлийн тэсрэлт”  сэдвийн дор өрнөх чуулга уулзалт эерэг уур амьсгалыг бүрдүүлж чадвал, эцсийн үр дүн нь Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суварга зэрэг ордын зэсийн нөөцөд тулгуурлан зэс хайлуулах үйлдвэр, Сэлэнгэ, Дарханы бүс нутагт байгаа төмрийн хүдрийн томоохон ордууд болон Тавантолгойн кокс нүүрсний нөөцөд түшиглэн хар төмөрлөгийн цогцолбор байгуулах, Сайншандын аж үйлдвэрийн паркийн төсөл бодит биеллээ олоход чиглэгдэх юм.  Металлургийн салбарын дэлхийн акулуудыг урин залсан “Metals Mongolia-2011” чуулга уулзалтаар “Монголын уул уурхай, металлургийн салбарын өнөө ба ирээдүй”, “Уул уурхай, металлургийн цогцолбор хөгжүүлсэн олон улсын туршлага”, “Дэлхийн металлын зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Монгол Улсад хэрэгжүүлэх уул уурхай, металлургийн зарим төслүүд”, “Монголын уул уурхай, металлурги, дэд бүтцийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаа” гэсэн гол сэдвүүд дээр тулгуурлах ажээ.

Монголд анх удаа зохион байгуулж буй "Metals Mongolia-2011" чуулга уулзалтыг "Eagle News" телевиз Төрийн ордноос шууд дамжуулж байна.


Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж