Хэд гэдэг тоо хэрэгтэй юм!

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Хэд гэдэг тоо хэрэгтэй юм!

1, 2, 3… 98… 100 хүрэхэд хоёрхон тоо дутуу байна.  Энэ тооллого юуны тулд хэрэгтэй гэж. Олимпоос авдаг медальтайгаа адилтган юуг нь “бахархалтайгаар” тоолоод байгаа юм гэж энэ тооллогод бүртгэгдсэн нэгэн эмэгтэй эхэр татан уйлж байсныг санахаар эрхгүй дотогш огшдог юм. Тэгвэл өнөөдөр ингэж гутарч суугаа хүмүүс буюу ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчдийн бидэнд мэдэгдсэн тоо нь 98 болжээ. Энэ 98-аас 14 нь аль хэдийнэ тэнгэрт хальж.  Манай улсад бүртгэгдсэн 98 тохиолдол нь бэлгийн замаар халдварласан байдаг юм байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны төвд хамгийн сүүлийн тохиолдол буюу 98 дахь тохиолдол аравдугаар сарын 17-ны өдөр бүртгэгджээ. Тус төвөөс лавлахад, “Халдвар тээгч нь гэр бүлтэй 40-45 насны эрэгтэй, өвчтөний биеийн байдал сайн байгаа” гэв. Бусад улс долоон тэрбум дахь хүүхэд манайхаас төрлөө гэж дэлхий даяар хашгирч байна. Харин бид “98” гэж чанга хашгичиж сууна. Гурван сая орчим хүнтэй Монгол Улс халдвар тээгчийн тоог хэлэхээс цаашгүй л сууна. Цаашаа хэд хүртэл тоолох бол. 100 тэгээд нэг мэдэхэд 200, 300 гээд нэг л өдөр ниргэсэн хойно нь… гэгч болно.

Анх 1992 онд  ДОХ-ын хоёр тохиолдол илэрсэн гэж сүр дуулиантайгаар зарлаж байсан бол өнөөдөр 98 гээд бас л хашгирч байна. Энэ тоог хязгаарлах дорвитой  ажил хийв үү. Албаныхан ч, иргэд ч одоо энэ тоог байх ёстой зүйл мэт хүлээн авдаг болж. Иргэд ч гэсэн ДОХ-ын талаар хангалттай мэддэг хэрнээ өөрсдийгөө хамгаалдаггүй, бас нуун дарагдуулдаг аюултай. Учир нь нийгэмд ДОХ гэдэг өвчин туссан хүнтэй ойртох, харицахдаа ч эмээж тэднийг нийгмийн харанхуй ганцаардмал, гутралийн ертөнц рүү түлхэж байгаа нь хамгийн том эмгэнэл. Солонгос улсад байгаа нэгэн танил маань хэлэхдээ “Солонгост ирээд дөрвөн жил болж байна. Бид дөрвөн жил тавуулаа амьдардаг байсан. Гэтэл одоо бидний хоёр нь ДОХ-ын халдвар авсан. Бэлгийн замаар. Хамт амьдардаг болохоор тэдний хийсэн хоолыг идэхийг ч хүсддэггүй. Идэж байгаа дүр үзүүлээд хаядаг. Хэдийгээр халдахгүй гэдгийг нь мэддэг ч нэг л түгшүүртэй байна. Яах ёстойгоо ч мэдэхгүй юм. Хүний нутагт хамт ирчихээд хаяад явах хэцүү. Нэг иймэрхүү л амьдарч байна шүү дээ” гэж ярилаа. 

Хүн бүр ХДХВ/ДОХ бэлгийн замаар, тариураар, цусаар л халддаг гэдгийг мэддэг хэрнээ амьсгалын замаар халдварладаг аятай энэ өвчнийг хүлээж авахгүй байгаад гол учир байдаг гэнэ. Эмч нарын хэлж буйгаар манай улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийг хүн бүр чичилж, гэр бүлийх нь хүмүүс ойлгохгүй байсаар нийгмээс тусгаарладаг. Энэ нь сөрөг үр дагавар гарах боломжтой гэдгийг хэлж байлаа. Эдгээр 98 тохиолдлууд 25-45 насны ид хийж бүтээх насандаа яваа залуучууд учраас нийгэмд байр сууриа олоход нь төрийн зүгээс ямар нэг байдлаар туслах нь зүйтэй байх. Ажилд орох гэж асуудалтай тулгарна, өвчтэй гэдгээ нууж чадвал хэсэг хугацаанд ажил хийнэ. Тэгээд л ажлаасаа халагдана. Гэрээсээ хөөгдөнө, ажилгүй болохоор мөнгөгүй, тиймээс орох оронгүй учраас эмнэлэг дээрээ хоног төөрүүлнэ. Гараар, амьсгалаар халддаг өвчинг ч бид амны хаалт зүүгээд л өөрсдийгөө хамгаалдаг хэрнээ тийм замаар халдахгүй өвчин туссан байхад жигшин, зовж яваа нэгнээ харанхуй руу түлхэх нь бидний зөв гэж үү. Хамгийн гол нь та болон таны дотны хүн ХДХВ/ДОХ-ын вирустай гэж ад үзээд байгаа энэ өвчнийг тусвал яах бол гэж бодож үзэх нь чухал биз. Өөрийгөө танилцуулахыг хүсээгүй ч надтай хэдэн хором ярилцсан 25 настай ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч “Би заримдаа их залхдаг, гэртээ харих эрхгүй болсон учраас би байр түрээсэлж амьдардаг. Өвчтэй гэдгээ нуухгүй л бол хэн ч хэзээ ч намайг ажилд авахгүй. Уг нь би ажил хийж, тэгсэнээрээ өөрийгөө төдийгүй гэрийнхнээ тэжээж, амьдрах эрхтэй шүү дээ. Харамсалтай нь заримдаа байрны түрээсийн мөнгөө өгч чадахгүй болохоор эмнэлэгтээ ирж хэвтэнэ. Бид өдөр болгон цагаар хүчтэй эм уудаг болохоор хамт ажилладаг хүмүүсээсээ нуугаад удаан явж чадахгүй үе ч гарна. Хэрэв мэдэх юм бол ад чөтгөр харж байгаа юм шиг л үргээд тэгээд  шууд халагдана. Би ч гэсэн хүн. Амьдармаар байна шүү дээ. Хүн алдсан л байх. Гэхдээ энэ чинь намайг амьдрах эрхгүй гэсэн үг биш гэж бодож байна” гэж гуниглаж байсан.

Зарим талаараа бусад өвчнөөс ч халдварлах магадлал бага ХДХВ/ДОХ гэдэг үгийг сонсонгуутаа айж, шөнө нь мартаснаар асуудал шийдэгдэх үү. Нэгэнт л гараар, амьсгалаар халдахгүй гэдгийг нь мэдсээр байж бид яагаад үзэн ядаж, өвчтэй нэгнээс зай  барих ёстой гэж. Өвчин гэдэг хэнийг нас хүйс, албан тушаал, эрх мэдэл алийг нь ч харгалзахгүй ирдэг биш бил үү. ХӨСҮТ-ийн эмч н.Байгальмаагийн хэлснээр “Манайхан сэтгэлээр унахдаа их амархан. Өвчтөнүүд өвчиндөө бус гэрийхэн нь үзэн ядаж, найз нөхөд, ойр дотныхон нь бүгд зайгаа барьж байгаад хамгийн их өвддөг. Өвчнөөс нь илүү сэтгэл зүрх нь өвдсөнөөр тэд шаналсаар, амьдрах итгэл нь алга болдог.халдвар аваад нас барсан 14  өвчтөний олонхи нь сэтгэл санаагаар унасаар энэ хорвоогоос явсан. Бид өөрсдөө сэтгэл зүйчид хандаж, зөвлөгөө өгдөг ч сэтгэл зүйн хувьд гэр бүл, найз нөхөд нь хамгийн том эм нь болдог юм. Тэрийг хүн бүр ойлгох нь чухал” гэж байсан. 100 болоход хоёрхон тоо дутуу эдгээр хүмүүсийн цаана мэдэгдээгүй 500 гаруй халдвар тээгч байх магадлалтай юм байна. Хүмүүс шинжилгээ өгөхөөсөө айдаг. Учир нь хэрэв өвчтэй байвал нийгэм болоод ойр тойрныхон нь өөрийг нь хүлээж авахгүй гэдэгт итгэдэг учраас тэр. Үнэн хэрэгтээ бид өвчтэй нэгийгээ өөрсдөө л түлхэж, тусгаарлаж байгаа. Үлдсэн 74 иргэнээ бид хэд хоног ч гэсэн амьдруулахын тулд та яг одооноос эхлэн өөрийн бодлоо өөрчлөхөд бид 74 хүнд нас хайрлаж, амьдрах итгэл өгнө гэдэгт та итгэх хэрэгтэй. Санаа алдаад ч хэрэггүй. Зүгээр л сайтар сэргийл. Харин бүү тоол. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж