
Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн үзлэгийн дүнг даваа гаригт нийтэлсэн байв. “Ерөнхийлөгч эрүүл мэндийн байдлаараа маш сайн, ажил үүргээ гүйцэтгэхэд бэлэн. Шинжилгээний хариунууд нь ерөнхийлөгчийг бүрэн эрхийн хугацаандаа түүний биеийн эрүүл мэнд энэ хэмжээндээ байна гэж харууллаа” хэмээн эмч нар мэдэгдсэн байв. Түүний насны хүмүүс өгдөг бүх талын шинжилгээг түүнээс авлаа. Тэр эрүүл мэндийн хувьд сайн, цаашид ч тийм байх болно” гэж эмчийн магадлалд өгүүлжээ.
Төрийн тэргүүний заавал хамрагдах ёстой диспансерийн үзлэгт Обама хоёр дахь удаагаа оров. Ерөнхийлөгчийн цусны даралт нь хэм хэмжээндээ 107, 71 байна. Эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн асуудал байсангүй. Зүрх судасны өвчнөөр өвдөх магадлалыг нь эмч нар хоёр хувьтай гэж тогтоов. Холестрины агуулга нь өнгөрсөн үзлэгээс буурсан байв. Обамагийн өндөр нь 185,4 см, жин нь 82 килограмм 200 грамм байна.
Барак Обамагийн эрүүл мэндийн байдал сайн байгаа нь идэвхтэй амьдрал мөн тамхиа хаясан болон алкоголийн хэрэглээг бага хэмжээнд барьж байгаа зэрэгтэй холбоотойг эмч нар хэлж байна. Тэрээр тамхиа хаяхаар амлаад үгэндээ хүрсэн юм. Мөн тэр гүйлт хийж амралтын өдрүүдэд гольф, сагсан бөмбөг тоглодог. Ерөнхийлөгчийн дур хүсэлд нийцүүлэн түүний өргөөний теннисний кортыг сагсан бөмбөгийн талбай болгон өөрчилжээ.
"Ардын эрх" сонин