
Улаанбаатарын цагаар 2011 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 01:49 цагт дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрэв. Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран дэлхийн долоон тэрбум дахь иргэн болон түүнтэй чацуутанг Монгол Улсад тодруулах ажлыг зохион байгууллаа. Монгол Улсын хэмжээнд Дэлхийн 7 долоон тэрбум дахь иргэн, болон түүний чацуутанг тодруулах ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн эмнэлгийн төрөлтийн бүртгэлийн хөтлөлтөд хяналт тавьж, 2011 оны аравдугаар сарын 31-ний 09 цаг 00 минутаас арваннэгдүгээр сарын 1-ний 09:00 минутын хооронд төрсөн 199 хүүхдийн мэдээллийг маягтын дагуу хүлээн авч, нэгтгэн боловсруулжээ. Үндэсний статистикийн хороо мэдээллийг нэгтгэж үзээд 2011 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01 цаг 50 минутад Орхон аймгийн иргэн Шарав овогтой Цэнд, Улаанбаатар хотын иргэн Б.Насанжаргалын хүүг тус тус дэлхийн долоон тэрбум дахь иргэнээр, тэдний ойролцоо төрсөн нэр бүхий 19 хүүхдийг долоон тэрбум дахь иргэнтэй чацуутнаар тус тус тодруулсан байна.

Ш.Чимэг