
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн шатны зарим тоглолтууд өнгөрсөн шөнө Буурал тивийн хөлбөмбөгийн ногоон талбайд боллоо. Өчигдөр дөрвөн хэсгийн нийт найман тоглолт болсон бол өнөөдөр үлдсэн дөрвөн хэсгийн тоглолтууд болох юм.
Н хэсэгт сугалаа таарсан Испанийн “Барселона” өнгөрсөн шөнө “Плзень”-ийн талбайд зочилж, өрсөлдөгчөө 4:0 харьцаатай буулган авснаар дөрвөн тоглолтоос 10 оноотой болж, хэсгийн шатнаас шалгарах нь тодорхой боллоо. Мөн энэ хэсэгт багтсан Италийн “АС Милан” “БАТЭ”-гийн талбайд зочлон, 1:1 харьцаатай тэнцэж, оноо хуваасан байгаа. Ингэснээр тэд найман оноотой болж, хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан юм.
Каталоны нэр төр гэгддэг “Барселона”-гаас Лионель Месси хет-трик хийж, багийнхаа ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан. Мессигийн хувьд сүүлийн дөрөв хоногийн хугацаанд хоёр дахь удаагаа хет-трик хийж буй нь энэ юм. Дасгалжуулагч Пеп Гуардиолагийн хувьд өнгөрсөн шөнийн тоглолт “Барса”-тай хамт хийсэн 200 дахь тоглолт байсан. Харин тэдгээр тоглолтоос ердөө 17-д нь хожигдсон агуу амжилттай нэгэн билээ. Энэ хугацаанд “Барса”-гийн тоглогчид 500 гоол оруулснаас 160 нь Мессигээр “овогложээ”. Түүнчлэн хаалгач Валдез 877 минутын турш хаалгандаа гоол алдаагүй амжилтаар “Барселона” клубын түүхэн амжилтыг эвдсэн байна. “Плзень”-тэй хийсэн тоглолтод Мессигээс гадна Сеск Фабрегас 72 дахь минутад гоолджээ.
Харин Е хэсэгт Английн “Челси” клуб харьцангуй сул өрсөлдөгч болох Бельгийн “Генк”-ийн талбайд зочилж, оноо хуваасан. Зочин багаас Давид Луиз торгуулийн цохилт алдсан нь харамсалтай хэрэг байлаа. Өнгөрсөн амралтын өдөр Премьер лигийн хүрээнд “Арсенал” 5:3-аар хожигдсон “Цэнхрүүд”-ээс Рамирез гоолын салхийг хагалж, багтаа тэргүүлэл авчирсан ч өрсөлдөгч багаас Йелле Воссен 61 дэх минутад тэнцээний гоолыг оруулсан юм. Дөрвөн тоглолтын дараах байдлаар “Челси” 8 оноотой Е хэсгийг тэргүүлж байна. Харин өнгөрсөн шөнө “Валенсия”-д 3:1-ээр хожигдсон “Баейр Леверкузен” зургаан оноотой удаалж байгаа юм.
F хэсгийг тэргүүлж байсан “Арсенал” талбайдаа “Марсель”-ийг хүлээн авч, хуурай тэнцсэн. Хэрэв энэ тоглолтод ялалт байгуулсан бол Лондонгийн “Их буучид” дараагийн шатанд шалгарах эрхээ авах байлаа. Хоёр хожиж, хоёр тоглолтод тэнцсэн “Арсенал” өдгөө 8 оноотой хэсгээ тэргүүлж байгаа бол Францын баг 7 оноотой удаалж байна.
Мөн энэ хэсэгт багтсан “Олимпиакос”, “Боруссия Дортмунд” нарын тоглолт 3:1 харьцаатай талбайн эзэн “Олимпиакос”-ын ялалтаар өндөрлөсөн байна.
Харин G хэсэгт Киприйн “АПОЭЛ” Европа лигийн аварга “Порту”-г 2:1 харьцаатай хожсоноор тэргүүллээ хадгалж үлджээ. Мөн энэ хэсэгт багтсан ОХУ-ын аварга “Зенит” 1:0-ээр Украйны “Шахтёр Донецк” багийг буулган авчээ.