”Ц.Нямдорж минь чиний арга барил хоцрогдчихжээ”

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

”Ц.Нямдорж минь чиний арга барил хоцрогдчихжээ”

МАХН-ынхан Хэвлэлийн хүрээ­лэнд өчигдөр 15 цагаас мэдээлэл хийхээр зар та­раасан. Тус намын дарга Н.Энхбаяр “Замын түгжрэлд орсон” гэсэн шалтгаанаар нэг цагаар хоцорч ирээд дараах зүйлийг ярьсан юм.


МАХН-ын дарга Н.Энхбаяр:

-Сүүлийн долоо хоногт Н.Энх­баяр, Ц.Нямдорж эсвэл МАХН, МАН гэсэн сонирхолтой мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэ­дээллийг давамгайлах боллоо. Энэ бол зөвхөн эхлэл. Цаашид энэ үйл явц үргэлжлэх байх. Би буруу, зө­рүү зүйл хийгээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа. Харин буруу зүйл хийсэн хүмүүс албан тушаалаа ашиглаад, албан тушаалынхаа шү­хэр доор нуугдаад байгаа юм биш биз. Тухайлбал, Ц.Нямдорж. Тэр “Түрээсийн байранд амьдарч байгаа” гэж ярьж байна. Өнгөрсөн долоо хоногийн хамгийн шилдэг онигоо бол “Ц.Нямдорж түрээсийн байранд амьдардаг” гэдэг байлаа. Хоёр дахь шилдэг онигоо нь “Ц.Нямдоржийн хүүхдүүд зээл авч байшин барьж байгаа” гэдэг.  Энэ онигоонуудыг сон­соод,  инээлдээд өнгөрөх бус шал­гах хэрэгтэй. Ц.Нямдоржийн өөрийн дураар хууль зассан үйл ажиллагааг ч  тодруулмаар байна. Би тухайн үед “Манай хүн албан тушаал ахих дуртай. Сайн хуульч гэдгээ харуулах дуртай. Тиймээс зохисгүй зүйл хийж. Давхар санаа агуулалгүйгээр хуульд засвар хийж л дээ” гэж бодсон. Гэтэл улс төр, эдийн засгийн сонирхолтойгоор хуульд засвар хийсэн байсан. Тат­варын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж, баталсны дараа баталсан томъёоллоос огт өөр, хэлэлцээгүй асуудлыг татвараас чөлөөлөх бү­тээгдэхүүний жагсаалтад нэмж оруулсан байгаа юм. Бас Авлигатай тэмцэх газрын тухай хуулийг ч дур мэдэн өөрчилсөн. Хуульд тус газрын даргын тайланг УИХ зүгээр л сонсоно, үйл ажиллагаанд нөлөөлж болохгүй гэдгийг заасан. Гэтэл Ц.Нямдорж “сонсоно” гэдгийг “хэлэлцэнэ” гэж зассан. Энэ нь “Сонсоно, асууна, тодруулна, үйл ажиллагаанд нь тойруу замаар нөлөөлнө, айлгана, дүн тавина” гэсэн үг. Мөн Сонгуулийн тухай хуулийг зассан. Тухайн үед УИХ-ын гишүүдийг  76 томсгосон тойргоор сонгоно гэсэн томъёоллыг баталсан. Гэтэл Ц.Нямдорж “томсгосон” гэдэг үгийг хасаад олон мандаттай 76 тойргоор 76 гишүүнийг сонгоно гэж оруулсан. Яахаараа энэ хүн Сонгуулийн тухай хуулийг хүртэл хөнддөг байна аа.
Би шалгуулахаас, буруу зө­рүү зүйл хийсэн бол түүнийгээ тог­тоолгохоос огт айхгүй байна. Яагаад гэвэл, буруу зүйл огт хийгээгүй гэдгээ мэдэж байгаа. Харамсалтай нь манай Ц.Нямдорж айгаад байна. Би “Хоёулаа ажлаа өгчихье. Би ажлаа өгчихсөн. Чи ч гэсэн ажлаа хүлээлгээд өгчих. Тэгээд хоёулаа сайхан хамт сууж байгаад шалгуулъя” гэж хэлж байгаа. Гэтэл тэр энэ талаар огт ярихгүй байгаа юм. Би “Цагдаагийн газар Ц.Нямдоржийн удирдлагад байгаа цагт түүнийг шалгахгүй. Шалгасан ч түүний талд шийдвэр гаргана. Нөлөөлөлд нь орно” гэж үзэж байгаа юм. Тиймээс л “Ажлаа өгчих” гээд байгаа. Буруугүй бол ажилдаа буцаад очино биз. Би ч гэсэн буруутай бол хариуцлагаа хүлээхэд бэлэн. Гэхдээ Ц.Нямдоржийн дэг­лэсэн,  намайг болон МАХН-ыг бу­руутгах гэсэн жүжигт тоглохгүй ээ. Шударгаар л шалгуулна. Ц.Нямдорж “Ажлаа өгөхгүй. Шалгуулахгүй” гэвэл өөрийнхөө буруутайг баталж байгаа хэрэг. Ийм Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байж болохгүй. Тиймээс түүнээс салахын тулд цааш­даа үйл ажиллагаагаа явуулсаар байх болно. Ц.Нямдорж Казиногийн тухай хуулийг баталсны дараа хууль зөрчиж автомат тогтоомын газрын зөвшөөрлийг олноор нь өгсөн. Дараа нь спортын покерийн газрын зөвшөөрөл өгсөн. Спортын гэж байгаа ч мөрийтэй тоглоомын газар шүү дээ. Энэ мэт хууль зөрчсөн үйлдэл олныг хийсэн. Ц.Нямдорж минь чиний арга барил үнэхээр хоцорчихжээ. 

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж