Дуураймал LV-гийн хэрэг Прокурорын хяналтад байна

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Дуураймал LV-гийн хэрэг Прокурорын хяналтад байна

Эрүүгийн цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газрын даргын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрөгч тавдугаар сард шалгалт хийж  таван нэр төрлийн 40 гаруй ширхэг, 124 сая төгрөгийн үнэ бүхий барааг хураан авч, устгасан. LV брэндийн дуураймал бүтээгдэхүүн худалдаалж байсан дөрвөн замд байрлах “Талст-1”, мөн дүүргийн “UB mart”  худалдааны төв дотор байрлах “Талст-2” худалдааны төвийн эзэн Ү.Батбилэгт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Одоогоор хэрэг Прокурорын  хяналтад байгаа аж. Дээрх газруудаас хяналт шалгалт хийхдээ Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Патентын тухай хууль, Эрүүгийн хуулийн 168, 169-р зүйлд заасан үндэслэлээр  дуураймал бүтээгдэхүүнийг хураан авсан байна. “LOUIS VUITTON MALLETIER” компани нь бүтээгдэхүүнээ зөвхөн өөрийн салбар дэлгүүрүүдээр худалдаалдаг ба ямар ч тохиолдолд бүтээгдэхүүндээ хямдрал зарладаггүй аж. Гэтэл хяналт шалгалтанд хамрагдсан дээрх дэлгүүрийг эзэмшигч Ү.Батбилэг нь Эрхийн хамгаалалт хийгдсэн барааны тэмдэг бүхий барааг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлсэн, худалдаанд гаргасан мөн энэ зорилгоор хадгалж байсан нь “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн дагуу барааны тэмдэг эзэмшигчийн эрх болоод Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэд хэдэнд заалтыг зөрчсөн гэж үзжээ. LV брэндийн дуураймал бүтээгдэхүүнийг дан ганц “Талст” дэлгүүр бус худалдааны бусад захуудаар олноор зардаг. Ямар үндэслэлээр зөвхөн “Талст” дэлгүүрт шалгалт хийсэн талаар улсын байцаагч Д.Хэрлэнчимэгээс тодруулахад “Захуудаар зарж буй LV брэндийг дуурайлган хийсэн  бүтээгдэхүүнийг иргэд дуураймал гэдгийг мэддэг. Үнийн хувьд ч хямд. Харин “Талст” дэлгүүрийн хувьд дуураймал бүтээгдэхүүнийг брэнд мэтээр өндөр үнээр иргэдэд худалдаалж байгаа учраас шалгалт хийсэн” гэх хариулт өглөө.
С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж