Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг ашиглагч

Монгол үндэсний ардчилсан намын дарга М.Энхсайхан. Ерөнхий сайд байсан цаг хугацаанаасаа эхлээд бусдын өмнө нөхөр бус дайсан болон ойлгогдож ирсэн нэгэн. Засаршгүй өширхөгч, гомдоллогч… Товчхондоо үеийнхээ улстөрчдийн өстөн дайсан. Харин сүүлийн үед цорын ганц сайн найзтай болоод байгаа. Тэр нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Төрийн тэргүүний суудлын төлөө хоорондоо өрсөлдөж байсан болохоор жаргал, зовлон нь нэг санагддаг байж болох. Ямар ч байсан тэр цагаас хойш ойртож, дотносох болсон. Нэг, нэгэндээ “хайртай” гэж жигтэйхэн.

Тиймээс ч бие, биедээ өмөг түшиг болдог журмын анд маягтай харагдах болоод удаж буй. Н.Энхбаяр нь М.Энхсайханыг нь магтана. М.Энх­сайхан нь Н.Энхбаяраараа бахархана. “Хүн ховордохын цагт…” гэдэг энэ байх. Сонирхолтой л дүр зураг. Гэхдээ энэ дунд нэг сонин гаргалгаа бий. Анхнаасаа хэнтэй ч дотно нөхөрлөж, хэнийг ч өөрийнхөө ит­гэл үнэмшилтэй холбож сураагүй М.Энхсайхан Н.Энхбаярт яагаад ингэж их итгэх болов.

Магадгүй түүнд өөрийнхөө “дайсан”-уудыг намнахад нь Н.Энхбаяр шиг хурц “зэвсэг” хам­гаас их хэрэгтэй болсныг үгүйс­гэх аргагүй. Ядаж л Хууль зүй, дотоод хэргийн сайдын өөдөөс Н.Энхбаяраас өөр хэн бусдаас илүү чанга дуугарч чадах билээ дээ. Тэгэхээр М.Энхсайхан Н.Энхбаярыг харж инээвхийлж байна гэдэг бол “Н.Энхбаяр М.Энхсайханд хэрэгтэй, ашигтай байна” гэдгийн л баталгаа болов уу даа. Дээр нь асуудлыг хурцатгах зорилгоор “М.Энхсайхан даргын машины хамрыг хатуу эдээр цохиж гэмтээсэн нь хэн нэгний санаатай үйлдэл байж мэднэ” гэсэн үгийг намынхаа нөхдөөр яриулж эхэлсэн ч байж болох юм шүү. Улс төр өө гэж.

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж