Сонгуулийн жилийн төсөв энэ оныхоос эрс нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Сонгуулийн жилийн төсөв энэ оныхоос эрс нэмэгджээ

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуу­лийн төслийг парламентаар хэлэлцэж буй. Сонгуулийн жилийн төсөв учир УИХ-ын ги­шүүд тойргийнхондоо амласан болон хийж дуусаагүй ажлаа хэрэгжүүлэхийн тулд төсвөөс тодорхой хэмжээний мөнгө төсөвлүүлэхээр зүтгэж байгаа. Манай улсын энэ оны төсвийн хөрөнгө оруулалт өмнөх жилийнхээс 2.4 дахин өссөн аж. Энэ утгаараа 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн ор­логын хэмжээ 5,102,244.9 сая төгрөг, ха­рин зарлагын хэмжээ 5,587,950.7 сая төгрөг бай­хаар Засгийн газраас Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг оруулж иржээ. Жил, жилийн төсөвтэй адил зарлага нь орлогоосоо давсан нь хэвийн үзэгдэл гэлтэй. Харин ирэх онд төсвийн ерөнхийлөн захирагч нар хэчнээн төгрөг зарцуулахыг дор дурьдъя.

Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн нэ­рэм­жит номын сангийн тоног төхөөрөмж, сан хөмрөгт зориулж 2,000.0 сая төгрөг зар­цуулахаар төсвийн төсөлд тусгажээ. Энэ оны төсвийн тодотголд 100 сая төгрөг суулгаж, номын сан байгуулах ажлыг эхлүүлсэн бол ирэх жил тоног төхөөрөмжөө авч номын сан­гаа бүрэн тохижуулах аж. Түүнчлэн Ерөн­хийлөгчийн Тамгын газрын болон архивын тоног төхөөрөмжинд нийт 299.4 сая төгрөг зарцуулах нь. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өөрийн багцдаа 1,645.0 сая төгрөг төлөвлөжээ. Тэрбээр энэ мөнгийг орон сууцны дэмжлэг, техник хэрэгсэл, программ хангамж, тавилга зэрэгт ашиглах юм байна. Ерөнхий сайд С.Батболдын тухайд 224,742.4 сая төгрөгийг зарцуулах эрхтэйгээр 2012 оны төсөвт суулгажээ. Гэхдээ ирэх жил дээрх мөнгөнөөс 61,430.1 сая төгрөгийг зарцуулах эрхтэй аж. Түүний төсвийн багцаас Тагнуулын ерөнхий газарт 22,205.0 сая төгрөг, Төрийн тусгай хамгаалалтын газар 10,002.6 сая төгрөг, Мэдээлэл, шуудан, харилцаа хол­боо, технологийн газар 188,688.0 сая төг­рөгийг зарцуулах юм. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ирэх оны төсвийн багцдаа 25,898.5 сая төгрөг суулгаснаас эхний ээлжинд 23,921.3 сая төгрөгийг ашиглах нь. Гэтэл Шадар сайд М.Энхболд өөрийн багцдаа 55,276.4 сая төгрөг суулгажээ. Энэхүү мөнгөнийхөө 13,825.3 сая төгрөгийг Хүүхдийн төлөө газарт, 28,874.0 сая төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газарт тус, тус зарцуулах ажээ. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын төсөв энэ оныхоос нэмэгджээ. Тэрбээр төсвийн тодотголд 38,127.9 сая төгрөг суулгасан бол ирэх онд 50,155.8 сая төгрөг төсөвлөсөн байна. Тэрбээр энэхүү мөнгийг ихэвчлэн сумын Засаг даргын Тамгын газрын барилга засвар, багуудын барилга, тохижилт зэрэгт зарцуулахаар байгаа юм. Харин УИХ-ын гишүүд ирэх оны төсвийн тухай хэлэлцэх үеэр барилга байгууламжийн засвар зэрэгт хөрөнгө мөнгө зарахгүйгээр томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах хэрэгтэй хэмээн ярьж байсан юм. Гэвч наана нь ингэж ярьдаг хэдий ч төсөв батлах сүүлийн өдөр гишүүд төсөвт суулгахыг хүссэн бүхнээ оруулчихдаг муу талтай.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Төсвийн хөрөнгөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж зам тавьсан. Гэтэл тэдгээрийнх нь чанар муу байдаг. Мөн Тавантолгой орчимд усны хайгуул хийхэд зориулж ирэх оны төсөвт 200 сая төгрөг төсөвлөжээ. Миний хувьд энэ мөнгийг бага гэж бодож байна. Учир нь “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд усны асуудлыг шийд гэж дөрвөн тэрбумыг төсөвлөсөн. Гэтэл төсвийн тодотголоор сум бүрт машин өгнө гээд л өөрчлөөд ороод ирсэн шүү дээ” хэмээв. Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт “Сангийн сайд аа, оруулж ирж байгаа төсөвт инфляцийг хэрхэн тооцоолсон бэ. Жишээ нь мах, шатахуун зэрэг инфляцид нөлөөлөх бүтээгдэхүүний үнэд хэрхэн анхаарч байна. Мөн шинэ зам тавих асуудал бий. Улаанбаатар ийм их түгжрэлтэй байхад орон нутагт заавал шинэ зам тавихаар их хэмжээний хөрөнгө төсөвлөх хэрэг байна уу. Учир нь тус замаар хэр олон хүн зорчих вэ гэдгийг бодож байж төсөвт хөрөнгө суулгах хэрэгтэй байх” гэлээ. Харин Сангийн сайд С.Баярцогт “Төсөв тэлэхийн хэрээр инфляци өсөх эрсдэлтэй. Иймээс дотоод, гадаад нийлүүлэлтийн асууд­лаа зохицуулж өгөх ёстой юм. Бид ирэх онд нефть бүтээгдэхүүний нөөцөд таван тэрбум төг­рөгийг суулгасан байгаа. Харин махны нөөцийн тухайд орон нутагт долоон тэрбумыг тө­сөвлөсөн” хэмээв. Ямартай ч төсөв тэлэхийн хэрээр УИХ-ын гишүүд зүгээр суухгүй нь тодорхой. Тэд байнгын хорооны хурлын үеэр тойрог, тойргийнхоо зам, барилга, бай­гуу­ламж, засвар, гэрэл цахилгаан гээд олон асуудлыг тус бүр хөндөж ярьж байлаа. Ийнхүү Засгийн газраас төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг тодорхой хувиар нэмжээ. Харин УИХ-ын гишүүдийн саналыг тусгавал одоо байгаагаасаа хэд дахин нэмэгдэх нь ойлгомжтой юм. 

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж