
-Тийм ээ, маш завгүй байна.
-Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагуудыг эсэргүүцсэн тэмцэл ямар шатандаа явна. Ер нь та бүхэн юу руу зориод байгаа юм бэ?
-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ байгуулагдаад 60 жил болж байна. Удирдлагууд нь бараг бүгдээрээ 60 гаруй насныхан байгаа. Нас нь ч дүүрч, гол нь бидний төлөө ажил хийхгүй байна шүү дээ. Оны эцэс болохоор хэдэн халтар цаас, төмөр өгсөн болчихоод сууж байдаг. Үүнийг шинэчлэх хэрэгтэй гээд яг сэтгэл зүрхээрээ нэгдсэн хэдэн залуус ярьж эхэлсэн. Эхний удаа 100 гаруй сэтгүүлч цуглуулан хуралдахад бидний есөн хүнийг өөрсдийгөө төлөөлүүлэхээр итгэл хүлээлгэн сонгосон юм. Улайм цайм эфирээр дамжуулан шууд хуралдаад сонгогдчихсон хүмүүс чинь яах юм бэ. Итгэл даагаад явахаас өөр аргагүй.
-Ингээд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн өнөөгийн “ерөнхийлөгч” Т.Баасансүрэн гуайтай үзэж тарсан уу. Та бүхнийг яаж хүлээж авав?
-Эхлээд их сайхан хүлээж авсан. “Өө залуучууд их сайн байна. Ингэж ирж уулзсанд их дуртай байна” гээд жигтэйхэн. Дараа нь гэнэт зангаа хувиргаад, “Бид хурлаараа асуудлыг шийднэ. Яах вэ, та нар дүрэмд оруулах өөрчлөлтөө бичээд өгчихвөл хэлэлцэж байгаад оруулж болох юм” гэсэн. Сүүлдээ бидний эсрэг хөдөлгөөн ч юмуу хаашаа юм гээд хэдэн нөхөдтэй нийлчихээд эсрэг яриад эхэлсэн. Мөн нэгэн сонинд хэдэн нүүр дамжсан том ярилцлага өгч, “С.Батболдынхон, Ц.Элбэгдоржийнхон байна” гэхчлэн худал ярьсан. Бид ч урам хугарч, ямар хийх ажлаа олж ядсандаа Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг шинэчлэх, ажлыг нь сайжруулах гээд зүтгэхээ больдог ч юм уу гэж бодсон. Албан тушаал булаалдсан ч биш, булаалдахаар ч байгууллага биш. Хамгийн гол нь Т.Баасансүрэн, Д.Заяабат нарыг ямар ч хурлаар сонгоогүй. Д.Сарангэрэл л ажлаа өгчихөөд явчихсан. Нөгөөдүүл нь эхлээд үүрэг гүйцэтгэгч байснаа сүүлдээ дүрдээ итгээд хууль ёсны дарга нар болчихсон байдаг юм. Үүнийг шалгуулъя гээд шүүхэд хандсан чинь бүр хачин юм гарч ирлээ.
-Юу тэр вэ?
-Улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлээс Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гээд хайхаар бүр 2002 оноос 2005 онд байсан дарга нарын нэрс гарч ирээд байдаг. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч нь талийгаач Батмөнх, дэд ерөнхийлөгч нь До.Цэнджав, одоогийн УИХ-ын гишүүн З.Алтай, “Глоб интернэйшнл”-ийн Х.Наранжаргал нар байсан тэр үеэс хойш бүртгэлгүй байдаг юм байна. Аливаа нам, албан байгууллага улсын бүртгэлд бүртгүүлж байж хууль ёсны байгууллага болдог биз дээ. Гэтэл 2002 онд Ц.Дашдондов даргын удирдаж байсан Чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн холбоо , Сэтгүүлчдийн эвлэл хоёр нийлээд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэдэг байгууллага үүссэн байдаг юм. Тэр цагаас хойш бүртгүүлээгүй. Ингээд хууль бус байгууллага өнөө хүртэл яваад байсан байна. Үүнийг нь Сүхбаатар дүүргийн шүүхээс тогтоогоод захирамжаа гаргачихсан. Одоогоор иргэний хэрэг үүсгээд, их хурлаа хийхийг нь түдгэлзүүлээд орхичихсон. Хэрэв дахиад хууль бус байгууллага хурал хийгээд шинэ ерөнхийлөгч удирдлагаа сонгочихвол хууль бус юм эцэсгүй үргэлжлэхээр байсан байна.
-Одоо тэгээд яах ёстой вэ?
-Энэ талаар бид хуулийн байгууллагаас асуусан. “Одоогийн удирдлагуудтайгаа зохицож, эвлэрлийн гэрээ байгуулж асуудлаа шийдэж болно. Эсэргүүцэж тэмцээд явбал хэдэн жил ч үргэлжилж болно. Бөхийн холбооны маргаан бас ингэж өрнөж байсан” гэж байна. Нэгэнт хууль бус байгууллага учраас санхүүгийн шалгалт оруулна. Өнөөх 2005 оноос хойшхи “Ган үзэг” шагнал энэ тэр бүгд хууль бус болох гээд бөөн будлиан болох юм байна.
-Та нар Т.Баасансүрэн гуайтай ер нь ямар харилцаатай байдаг юм бэ. Тухайлбал та түүнд дургүйгээсээ болоод ингэж тэмцээд байгаа тал байна уу, үгүй юү?
-Үгүй дээ. Бид тэр хүнийг эсэргүүцээд байгаа юм биш. Насаараа сэтгүүлчдийн байгууллагыг удирдаж явсан. Би хүртэл энэ байгууллагаас Монгол телевизэд байхдаа “Ган үзэг”-ийг нь бүр өөрөөс нь авч байсан. Т.Баасансүрэн гуай өөрөө сайн сэтгүүлч. Гэхдээ настай хүн өдийд, заавал шүүхийн тогтоолоор ажлаа өгөөд явж байх нь тийм ч таатай зүйл биш баймаар. Хуулийн дагуу бол бүр 2002 оны үеийн удирдлагуудтай зөвшилцөх болоод байна. Бид бусдыг хууль зөрчлөө гэж мэдээлдэг хүмүүс. Өөрсдийнх нь байгууллага хууль зөрчөөд байхад яаж дуугүй хараад суух юм бэ. Одоо яахыг хараад л сууж байна. Түр хорооны есөн гишүүний хувьд нэгэнт 100 гаруй сэтгүүлчийг төлөөлөөд гарч ирсний хувьд Хэвлэлийн эрх чөлөөний хуульд санал бодлоо оруулах, сэтгүүлчдийн төлөө хийж болох ямар ажил байна вэ хийгээд л явна. Гол нь энэ байгууллагаа цаашид яаж авч явах тухайгаа ярилцаж тохирох хэрэгтэй. Одоохондоо тэрхүү хууль бус байгууллагын хэрхэхийг хүлээж сууна.
-Түр хорооны есөн гишүүнийг хараад “Их мөнгөний амтанд орсон захиалгат сэтгүүлчид цуглачихаж. Тэд хамтраад сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг бизнесийн байгууллага болгох гэж байна” хэмээн дүгнэж буй хүн цөөнгүй. Яагаад ингэж харагдаад байна вэ?
-Уг нь бид анхнаасаа л олуулаа суугаад асуудлыг хэлэлцсэн. Сүүлдээ TV-5 телевизийн Дагиймаа нарын зарим нөхөд маань сугарч хоцорсоор бид үлдэж, хийх ажлаа хувааж авлаа. Надад л гэхэд гадаад харилцааны чиглэлээр ажиллах, бусад орны сэтгүүлчдийн дүрэм ямар байдгийг орчуулж судлах даалгавар өгсөн. Би 20 гаруй дүрэм олоод орчуулаад дуусч байгаа.
-Яагаад сугараад цөөрөөд байгаа юм бол?
-Хэн нэг нь ятгадаг ч юм уу. Яагаад гэдгийг мэдэхгүй юм.
-Тэгвэл яагаад “С.Батболдынх, эсвэл Ц.Элбэгдоржийнх” гээд байна вэ?
-Сэтгүүлчдийн нэгдсэн хурлыг NBS телевизээр шууд дамжуулсан. Хуралд Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга С.Батзаяа, Засгийн газрын хэвлэлийн албаны дарга М.Оюунчимэг нар оролцсон. Гэхдээ сэтгүүлчийнхээ л хувиар оролцсон байх гэж бодож байна. Үүнийг л улстөржүүлээд байгаа хэрэг. Яах вэ, С.Наранбаатар, Ц.Оюундарь бид гурвыг “Ц.Элбэгдоржийн хүн” гэж хардах магадлал бий л дээ. Яагаад гэвэл насаараа ардчиллын талд дуугарсан болохоор хэн ч харсан тэгж бодож болно. Энэ яриаг хэн гаргасан бэ гэвэл Т.Баасансүрэн гуай өөрөө гаргасан.
-Яаж?
-Сонинд ярилцлага өгч, цагаан дээр хараар бичсэн байгаа. Уг нь бид хоёр их л дотно байдаг, эртний танилууд. Дараа нь бид манай телевизийн студийн нээлт дээр тааралдсан. Тэгэхэд би “Та юу яриад байна аа. Өөрөө МСНЭ-ийн ерөнхийлөгч байж, сэтгүүлчдээ ингэж талцуулж хуваагаад байж болж байгаа юм уу” гэсэн. Хариуд нь Т.Баасансүрэн гуай “Би тэгж л тааж хардаад байгаа юм” гэхээс өөр барьцтай зүйл хэлээгүй. Одоо түр хорооны гишүүд гээд хамтран зүтгэж яваа хэдэн нөхрөө би дэндүү мэднэ. Бидэнд хэн нэгнээс мөнгө авсан, улстөрчидтэй холбоо тогтоочихоод МСНЭ-ийг бусниулах гээд яваа хүн огт байхгүй гэдгийг баталгаатай хэлж чадна.
-Захиалгат нэвтрүүлэг, төлбөртэй нийтлэл гэгчийг та заавал байх ёстой зүйл гэж үзэж байна уу. Та бүхэн МСНЭ-ийн удирдлагыг өөрчилснөөр энэ байдал цэгцэрнэ гэж амлаж чадах уу?
-Төлбөртэй бичдэггүй сэтгүүлч ховор болсон шүү дээ. Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагууд бүгд улстөрч эзэнтэй. Гэхдээ манай сэтгүүлчид хэчнээн “шар”, “чөлөөт” сониных ч байсан оргүй зүйл бичдэггүй. Ямар нэг байдлаар эцэстээ үнэн л болж таардаг. Захиалгатай нэвтрүүлэг, нийтлэл харваас андашгүй шүү дээ. Сэтгүүлчид цалин хөлс багатай, амьдралын баталгаа муу байдаг болохоор буруутгах ч хэрэггүй. Харин тийм учраас л түр зөвлөлийнхөн энэ асуудлыг голлон тавьж байгаа. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг ямар нэг сан байгуулаад санхүүжүүлж болно. Магадгүй тэр байгууллага нь миний бодлоор бол МСНЭ байх ёстой. Төрөөс зохих хэмжээний хувийг авч тэр санд байрлуулж ч болно. Тэгэхгүй бол эрэн сурвалжлах сэтгүүлзүйг мөнгөтэй хүмүүс нухчин дараад байна шүү дээ. Ийм байхад ямар хүн “амиа хорлох” мэт эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх гэж зүтгэх юм бэ. Мөн нийгмийн баталгааны асуудлыг бид хөндөж байгаа. Ихэвчлэн өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Цалин бага, амьдрах нөхцөл муу. Тиймээс МСНЭ-ээс жилд нэг удаа шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаад, шагналын санг өндөрөөр тогтоож болно.
-Шагналын санг хаанаас бүрдүүлэх гэж?
-Их амархан. Архины үйлдвэрүүдээс авч болно. Хүн хордуулж болоод байгаа юм чинь яагаад энэ чиглэлээр мөнгө зарцуулж болохгүй гэж. Бүр улайм цайм зарлаж байгаад сандаа хөрөнгө авч болно шүү дээ. “Оюутолгой” ХХК-ийн хаа сайгүй цацдаг тэр их сурталчилгааг МСНЭ дээр төвлөрүүлж, зохих хувийг нь сандаа нэмэрлээд, үлдсэнийг нь хэвлэл мэдээллийн байгууллагадаа хэрэгтэй бусад зүйлд зарцуулж болох юм. Хийе гэсэн сэтгэл дутаад байгаа болохоос мөнгө олох арга замыг мэдэхгүй байгаадаа биш. Ямар ч байсан бид ном журмын дагуу хөтлөлцөөд гарахад сэтгүүлчдээ орон байраар хангаж, цалин хөлсийг нэмэгдүүлж чадахаар дүр зураг харагдаад байгаа юм. Хэрэв бидэнд итгэл хүлээлгэж, эрх мэдлийг нь өгвөл бүх асуудлыг шийдэх сэтгэл нь ч, менежмент нь ч байна. Үнэндээ хүн хүсээд байх ажил биш л дээ. Ажил дээр ажил нэмж байгаа хэрэг. Гэхдээ бичсэн нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө асуудалд ороход өмөөрдөг байгууллагатай болж, сэтгүүлчдээ өөд нь татмаар байна. Бид тийм ч олуулаа биш шүү дээ.
-Та нарыг тэмцсээр байгаад удирдлагыг гартаа авах гээд байна. Гэхдээ энд дандаа “шантаажчид” байна л гээд байгаа шүү дээ?
-Тэгвэл одоо яах вэ дээ. Энэ хэвээрээ л эзэнгүй айл шиг байж байг. Бидэнд хийх ажил их бий. Зүгээр л сэтгэл өвдсөн юм. Бидэнд ямар ч ашиг хонжоо харагдахгүй байна.
-Та саяхан “Бодлын хулгайч” киноны зохиолыг бичсэн. Урьд нь Гансүхийг таньдаг байсан уу. Яагаад энэ киног хийх болсон юм бэ?
-Гэнэтийн асуудал болсон. “Висдом” кино продакшны А.Уянга над руу утасдаад энэ киноны зохиол бичээд өгөөч гэсэн санал тавьсан. Би шууд “үгүй” гэсэн. “Юу ярьж байгаа юм бэ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийг хүртэл луйвардсан нэг муу эрүүгийн гэмт хэрэгтнийг магтаж кино бичихгүй. Хэдэн төгрөг өгсөн ч хийхгүй” гэсэн. Гэтэл “Төрөө ах аа, та юу ч гэсэн бидэнтэй хийсэн ярилцлагыг нь хараач” гэж байна. Б.Амараа, А.Уянга хоёрын Гансүхтэй хийсэн бүтэн таван цагийн ярилцлагыг үзэнгүүт би “Хүүе, наадах чинь болох юм байна. Энэ чинь зүгээр ч нэг эрүүгийн элемент биш, тэс өөр хүн байж ” гэсэн бодол төрсөн.
-Хүмүүс шүүмжилж байна л даа. Одоо “Алт дилерийн хэрэг”, “17 чингэлэг спиртийн хэрэг”-ээр кино хийж, тэднийг нийгэмд эергээр харуулж өрөвдүүлэх юм байна л даа” гэхчлэн ярьж байгаа. Та шаггүй зөрүүд хүн. Арай төлөвлөчихсөн яваа юм биш биз?
-Та таачихлаа. Төлөвлөх байтугай зохиолоо бичээд эхэлсэн. Яг үүний дараа “Бодлын хулгайч”-ийн кино багийнхан сүүлийн 10 жилд Монголын улс төр, бизнесийн амьдралд болсон үйл явдлын талаар 30 ангитай кино хийхээр болсон. Гэхдээ гол дүр нь сэтгүүлч. Энэ дүрд Б. Амараа тоглоно. Хадгаламж зээлийн хоршооны луйвраас эхлээд “Долоодугаар сарын 1”-ий үйл явдал хүртэл үргэлжилнэ. Онц сонирхолтой кино болно гэдэгт итгэлтэй байна. “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэж ярьдаг. Миний бодлоор хамгийн үнэтэй нь кино. Мөнгөөр ч үнэтэй, хүнд хүрэхдээ ч үнэтэй.
-“17 чингэлэг спиртын хэргийн тухай” нэвтрүүлгийн хуурцаг авах гэсэн гээд та чинь мөрдөнд хүртэл сууж байсан биз дээ. Энэ ер нь яг юу болсон юм бэ?
-Х.Баттулга бид хоёр эртний найз нар л даа бүр Дүрслэх урлагийн дунд сургуулийн үеийн найз нар. Тэр үед ч бүр дотно байсан юм. Нэг өдөр Х.Баттулга над дээр ирээд “Го.Бадарч нэг нэвтрүүлэг хийсэн юм байна. Тэр нэвтрүүлгээс нь Ш.Сайхансамбуугийн нэр болон өөрийнхөө дүүгийн нэрийг хасуулаад өгөөч” гэсэн юм. Би очоод Го.Бадарчид хэлээд хасаад л өнгөрсөн. Гэтэл тэр шөнө нэг согтуу нөхөр эфир луу дайрч ороод хуурцаг хулгайлах гээд баригдлаа гээд бөөн юм болсон. Тэгээд маргааш нь намайг гэрээс баривчлаад мөрдөнд хийчихдэг байгаа. Би гурван сар суусан шүү дээ. “Х.Баттулга үүнийг хийлгэсэн” гэж надаар хэлүүлэх гээд л тамлаад байсан. Бүр Дундговийн мөрдөнд хүртэл хийж дарамталж байсан. Тийм юм болоогүй юм чинь би гүрийдэг юм байгаа биз дээ. Сүүлд нь шүүхээр ороод Х.Баттулга бид хоёр цагаадсан . Ийм л юм болсон юм.
-Тэр юун согтуу хүн байсан юм бэ?
-Гүйцэтгэх ажлын шугамаар зориуд оруулж үймээн дэгдээсэн юм билээ. Яахав дээ, Х.Баттулгыг л хорлох гэж тэр шүү дээ. Бид тэр хүнийг нь нэг удаа ч хараагүй. Хаанахын шоронгоос ч гэлээ гаргаж ирээд л тийм даалгавар өгөөд телевиз рүү оруулсан юм гэсэн. Бүр эхнээсээ хэрэг тусгаарлаад тусад нь шийтгэсэн юм уу, тэгээд өнгөрсөн юм уу чөтгөр бүү мэд.
-Тэгвэл та хэлмэгдсэн юм байна шүү дээ. Ийм юм бас байдаг юм уу?
-Тэгээд л хохироод өнгөрсөн юм шүү дээ. Тийм юм байдаг л юм билээ.
-”90 саяын” Гансүхээс хэдэн саяыг нь авснаа одоо хэлж болох уу?
-Нуугаад яах вэ. Долоон саяыг авсан. Хүмүүс намайг “Бодлын хулгайч”-аас 90 саяыг олсон гэнэ лээ гэж яриад байгаа. Худлаа шүү.
-Та хамгийн үнэтэй энэ урлагт олон жил зүтгэлээ. “Нохойн орон” кино бүр овог чинь болчихож. Энэ бүхнээс ямар баялгийг олж авав. Мэдээж мөнгө биш шүү дээ?
-“Нохойн орон” киног хүн бүр мэднэ. Энэ киног гадны хөрөнгөөр, тодруулбал тухайн үеийн 640 мянган ам.доллараар хийж байсан. Монгол Улсын нэр хүндийг дэлхийн кино урлагийн тавцанд мандуулж чадсан. Дахиад дэлхийн 23 шагналыг хүртэх кино төртөл нэлээд хугацаа хэрэгтэй байх. Бас Копенгагенд байдаг “DOX” сэтгүүлээс тодруулсан “Кино урлаг үүссэн цагаас хойш дэлхийн киноны хөгжилд өөрчлөлт авчирсан 50 кино”-нд шалгарсан. Энэ бол том амжилт шүү.Түүнээс хойш олигтой кино хийчихье гэж бодсон ч бэлэн зохиол байгаа ч мөнгө олдохгүй байна.
-Таны хийсэн “Улс төрийн зорилготой” нэвтрүүлгүүд тань шууд танигдахаар байдаг. Ингэхэд та улстөрчидтэй хэр найз вэ?
-Найз байлгүй яах вэ. Сүүлийн бараг 20 жилд улстөрчидтэй л зууралдлаа шүү дээ. Улсад ажилласан хугацаа гэвэл Монголын үндэсний олон нийтийн телевизэд өнгөрүүлсэн арван жилийг л хэлнэ. Түүнээс хойш хувиараа сонин, кино, нэвтрүүлгүүд хийж, хувийн студидээ ажиллаж байгаад нэг жилийн өмнөөс ТV-9 телевизид ажиллах болсон. Өмнө нь студитэй байхдаа “Эдийн засгийн алуурчид Монголд” гэх мэт өчнөөн нэвтрүүлэг хийсэн ч нэр нүүрээ нуудаг байсан. Одоо бол нуухаа больсон.
-Яагаад заавал ТV-9 телевизийг сонгосон юм бэ. Н.Энхбаяр “найз”-тай чинь холбоотой юу. Та чинь “ясны” ардчилагч гэсэн биз дээ?
-Намайг “ардчиллын” Б.Төрмөнх гэх нь ч бий. Анх үндэсний телевизээс гараад л одоо Ардчиллын ордон нэртэй болсон цагаан байшинд хаагдсан нэвтрүүлгийнхээ нэрээр “Товч толь” сониноо гаргаж эхэлсэн. Үүний өмнө “Товч толь” нэвтрүүлгээрээ улс төр ярьж байгаад сонгуулийн өмнө телевизээс зайлуулагдсан. Хожим нь тухайн үед үндэсний телевизийн дарга байсан Жаргал дарга Москвад тааралдаад “Тэр үед яах ч аргагүй дарамт шахалт их ирдэг байсан болохоор явуулахаас өөр арга байгаагүй” гэж ярьж байсан. Би МАХН-ынхантай холбоотой байсан түүхгүй. Хожим нь Н.Энхбаярын телевизэд орно гэж яаж мэдэх вэ дээ. Гэхдээ тэр үеийн болон одоогийн Н.Энхбаярын ялгааг харж байгаа биз дээ. Тэгээд ч одоо бодоход “муу л бол хойд хар овоохой” гээд МАХН, түүний дарга хоёрт бүх мууг чихдэг байсан юм шиг. Би ч гэсэн “чихэлцэж” л явсан хүн. Сэтгүүлчид Засгийн газрыг магтах бус сөрөг хүчин болж байвал ажлаа зөв хийж байгаа нь тэр. Сөрөг хүчний талд буюу ард түмний талд дуугарах чинь уг нь бидний үүрэг юм шүү дээ. Одоогоор ТV-9 телевиз энэ үүргээ биелүүлж, надад сөрөг хүчний дуу хоолой, байр сууриа илэрхийлэх боломж олгосон учраас би тэнд ажиллаж байгаа юм. Н.Энхбаярынх л гэж ярьдаг болохоос би ажил дээрээ түүнтэй тааралдаж байсан удаагүй. Бүр найман жил ажилласан Б.Отгон хүртэл цөөхөн таарсан гэдэг юм билээ. Хааж хавчаад байхгүй л бол сэтгүүлчид үнэнийг дуугардаг л байхгүй юу. Яагаад энэ телевизид орсон түүх ч их сонин. Нэг жилийн өмнө хар тамхины хэргээр Хятадад хоригдож буй Л.Байгалмаагийн тухай кино хийх саналыг тус телевизийн захирал Ц.Энхбат надад тавьсан. Бид эртний найзууд. Ингээд зохиолоо бичиж дуусаад зураг авалтын ажлаа эхлэх гэтэл санхүүгийн асуудал гарсан. Тэр үед Ц.Энхбат захирал надад “Манай телевизэд ерөнхий продюссер хийх үү. Шинэ нэвтрүүлгүүд хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд л хамтрах болсон.
-Та хааяа телевизийнхнээ нэлээд хатуу шүүмжилж, зовлон жаргалыг нь мэдэхгүй юм шиг “чимхээд” авах нь анзаарагддаг. Хоёр компьютер тавиад студи гэж онгирдог гэхчлэн. Та өөрөө ч тийм студитэй байсан шүү дээ. Яагаад тэгдэг юм бэ?
-Үнэн юм чинь. Монголчууд нэгнээ их дуурайдаг. Нэг нь телевиз байгуулахаар цөмөөрөө л телевиз байгуулах гэх юм. Би насаараа телевизид ажилласан болохоор өмөөрдөг. Телевиз нэртэй л юм бол телевиз шиг байх ёстой.
-Та чинь бас их олон дууны үг бичсэн рок попынхонтой найз нар гэдэг шүү дээ. Бас их залуу харагддаг?
-Тийм ээ, олон дууны үг бий Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Нисванис” хамтлаг, ер нь бараг бүгдэд нь миний дуу бий байх шүү. Бас л телевизийн буян шүү дээ. Би тэнд байхдаа Б.Явуухулангийн Энхээтэй найз байлаа. Тэр л анх надад дууны үг ингэж бичдэг юм гэж заасан юм. Залуугаасаа л рок хөгжим сонсдог байлаа одоо ч сонсдог. Г.Ганхүүгийн нэвтрүүлэгт ороод хамтлагийн түүх яриад л байгаа биз дээ. Залуу харагддагийн тухайд гэвэл мэдэхгүй ээ, тийм харагддаг бол сайхан л байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
"Улс төрийн тойм" сонин
