
МАХН-ын дарга Н.Энхбаяр сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв болоод байгаа Ц.Нямдорж гишүүнтэй холбоотой түүний дэлгэсэн баримтууд, Ц.Нямдорж гишүүний байр суурьтай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр “Ц.Нямдорж гишүүнтэй холбоотой асуудал дан ганц хүний хэрэг биш. Монгол Улсын шүүх, цагдаагийн байгууллагыг төлөөлж байгаа хүн өөрөө буруу, булхиатай зүйл хийж байгааг бид баримттайгаар дэлгэх болно. Сүүлийн үед Ц.Нямдорж сайд хэвлэлээр намайг буруутгасан, худал мэдээлэл хийж байгаа. Ц.Нямдорж сайдад би ганц л зүйл хэлсэн. Учир нь түүнийг аль хууль, хяналтын байгууллага шалгаж чадахгүй, шалгасан ч худлаа шалгана. Тиймээс л би албан тушаалаа өгөөд цуг шалгуулъя гэж хэлсэн. Харин тэр чадахгүй байна. Би буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээнэ. Харин нэг л асуулт би хүсч байгаа юм. Хэрэв би буруу зүйл хийгээгүй бол яах юм бэ гэж. Мөн өнөөдрийн бас нэгэн мэдэгдэх зүйл бол бид салбар бүрт аудитын шалгалт явуулж, дүн мэдээг нь хэвлэлээр дэлгэнэ. Ерөөсөө энэ 76 гишүүний зөвхөн өөрсдийн эрх ашигт зориулж хууль баталж, түүнийгээ хэрэгжүүлэхээр зүтгэж байна. Монголын хамгийн үнэт зүйл бол Оюутолгой биш, ард түмэн гэдгийг энэ хүмүүст сануулахын тулд бид хүчтэй тэмцэх болно. Цаашид аудитаар шалгасан шалгалтын дүнгээ долоо хоног бүр та бүхэнд мэдэгдэж байя гэж бодож байна. Ц.Нямдорж болон МАН, АН-ыхан МАХН-ыг нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл өгч байгаа нь манай намыг сонгуульд оролцуулахгүй гэсэн санаатай үйлдэл гэж бид ойлгож байгаа. Гэхдээ бид ард түмний төлөө тэмцсээр байх болно” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.