
Гишүүн Х.Баделханы “Ажлыг заавал Солонгос компаниар гүйцэтгүүлэх нь ямар учиртай юм бэ. Гадаадын компанийг ивээн тэтгэх зорилготой юм биш үү” гэсэн асуултад Сангийн сайд С.Баярцогт “ЭКЗИМ” банкны зээл тухайн орныхоо компанийг 50-100 хувь дэмжих зорилготой байдаг” гэж байлаа. Гишүүн Р.Амаржаргал өмнө нь БНСУ-аас авсан зээлүүд төдийлөн бүтэлтэй байгаагүйг сануулаад “Вон бол зовлонтой мөнгө. Өмнө нь воноор авсан зээлээс болж өрд унаж байсан шүү” хэмээн сэрэмжлүүлсэн юм. Ингэхдээ Даланзадгадын ДЦС-ын ажил одоог хүртэл бүтээгүй. Чойр-Сайншандын замын асуудал үндсэндээ өнгөрсөн гэдгийг сануулж байлаа. Сангийн сайд С.Баярцогтын хэлснээр воны ханшийн эрсдлээс хамгаалах арга байхгүй юм байна.
Гишүүн Ц.Даваасүрэн “Экспортыг дэмжих зээл ажлын үйлчилгээ, тоног төхөөрөмждөө хамаг хөрөнгөө шингээсэн, өртөг өндөртэй байдаг. Баахан хуучин техник гадагш гаргах, экспорт дэмжих зээл болчих вий. Гадаад өр их боллоо. Гадаад өрийн дарамтын тооцоог гаргаж өгөх хэрэгтэй байна. Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцээс бусад чиглэлийг тэргүүлэх чиглэлээс ухраах хэрэгтэй” гэж байлаа. Мөн гадаадын зарим орон бүтээн байгуулалт зарлаад эргээд улсаа өрөнд оруулдаг. Ирээдүйд олох хөрөнгөө зээлийн өрд туучих вий гэсэн болгоомжлолыг тэрбээр хэлж байв. Зөвлөх зардалд ч зээлийн таваас багагүй хувь явчихдагийг гишүүд хэлж байв. Сангийн сайд ч БНСУ-д болгоомжтой хандаж буйгаа хэлсэн. Гишүүн Д.Ганхуяг дэлхийд ам.доллар ноёрхож байхад иен, вон, юаниар зээл авах нь эрсдэлтэйг сануулж “Зээл аваад л байхад Улаанбаатарын ядуурал 60 хувьтай байна шүү” гэдгийг анхааруулж байлаа. Гишүүд зээлийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.