
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг тохиолдуулан “Международная жизнь” сэтгүүлд ярилцлага өгөв.
Монгол Улс, ОХУ-ын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 90 жилийн тэртээ байгуулагдсан Найрамдалт харилцаа тогтоох тухай Засгийн газар хоорондын гэрээний дагуу харилцан итгэлцэл, ойлголцол, хүндэтгэлийн зарчимд тулгуурлан тогтвортой, үр өгөөжтэй хөгжиж ирснийг Элчин сайд Д.Идэвхтэн ярилцлагынхаа эхэнд онцлон тэмдэглэв. Тэрбээр цааш нь Монгол Улс ОХУ-тай харилцах харилцаандаа тэргүүлэх ач холбогдол өгдгийг дурдаад сүүлийн жилүүдэд хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа эрчимжиж байна. Харилцааны түүхэн энэхүү ойн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны зангилаа асуудлаар дээд түвшинд байр сууриа нэгтгэв. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжиж хоёр орны худалдааны эргэлт энэ оны эхний гурван улиралын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 67,4 хувиар өсч 1,2 тэрбум ам.долларт хүрлээ. Мөн энэ оны хичээлийн жилээс эхлэн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их дээд сургуулиудад элсэн суралцах монгол иргэдийн тоо 50-аар нэмэгдэхээр болов. Энэ бүхэн нь Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн хүрээнд эрчимтэй хөгжиж буйн зөвхөн хэсэгчилсэн илрэл юм гэж Элчин сайд Д.Идэвхтэн тэмдэглээд хоёр орны эдийн засаг, соёл, боловсролын салбарын болон бүс нутгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хөгжлийн хандлага, боломжийн талаар ярьж, сэтгүүлчийн сонирхсон бусад асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.