Хоршооллыг дэмжих нь чухал байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Хоршооллыг дэмжих нь чухал байна гэв

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир хоршооллыг дэмжих чиглэлд дорвитойхон хөрөнгө төсөвлөх шаардлагатай байгаа талаар учирлалаа. Учир нь мал аж ахуйг хөгжүүлэх тулгуур бодлогын нэг нь хоршооллыг байгуулах явдал аж. Хоршооллыг байгуулах чиглэлд төсөвт наад зах нь 20 тэрбум төгрөг тавих шаардлагатай. Ингэж хөрөнгө хаясан нөхцөлд 320 гаруй суманд нэг жишиг хоршоо байгуулагдана. Малчид түүндээ хөдөлмөрөө хоршин ажиллаж мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх гарцтай болно. Зуд турхан болсны уршгаар малчид малаасаа салж өнөөдрийн байдлаар 13-14 мянган малчин өрх огт малгүй болжээ. Энэ бол амьжиргааныхаа гол хэрэгслээс салсан гэсэн үг. Дээр нь мөн 20 орчим мянган малчин өрх малтай гэж хэлэхэд нэг бэрх малгүй гэж хэлэхэд бас хэцүү 30-40 толгой малтай сууж буй. Ийм тооны малаар амьжиргаагаа аваад явах бололцоогүй. Малаа өсөхийг харна гэхээр наад зах нь 5-10 жил шаардана. Тиймээс малжуулах төсөл яагаад хэрэгжихгүй болчихсонд хариулт өгөхийг хүссэн юм. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хариултаас үзвэл Хоршооллыг дэмжих зүй ёсны шаардлага бий. НҮБ-ээс 2012 оны Хоршооллыг дэмжих жил болгон зарласан, Монгол Улсын Засгийн газраас санаачлага гаргаснаар. Гэхдээ тавьсан хөрөнгө хоршооллыг байгуулахад хүрэлцэх үү гэвэл аманд ч үгүй шүдэнд ч үгүй. Хэрвээ УИХ-ын гишүүд хэмнэлт гаргаад хоршооллыг хөгжүүлэх чиглэлд хөрөнгө тавиад өгвөл сайн байна гэсэн агуулга бүхий хариулт өгч байна.

Харин малжуулах төслийн хувьд Засгийн газраас гурван жилийн хугацаанд энэ чиглэлээр ихээхэн хүчин чармайлт тавьж ажилласан. Одоо бол малчид зээл авах замаар шийдээд явах бололцоотой юм аа гэж үзсэн гэлээ. Гэхдээ мал гэх юмгүй малчдад “Хаан” банк зэрэг газрууд зээл өгөх үү гэдэг асуудал үүсч буй юм. Мөнгөн тоногтой эмээл, хазаараа барьцаалж малчид зээл авдаггүй юм бол барьцаанд тавих малгүй малчдын хувьд хүнд л даваа бололтой.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж