Олон овоотоор хамтарч хуралдахаар болов

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Олон овоотоор хамтарч хуралдахаар болов

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дампуурсан “Зоос” банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгийг нөхөхөөр Засгийн газраас бонд гаргасан, харин зээлийн барьцаанд байсан Олон овоотын лицензийг “Жаст” групп эзэмшин төрийн мөнгөөр хувийн бизнесээ явуулж байгаа асуудлыг шалгахаар гаргасан ажлын хэсгийнхний боловсруулсан тогтоолын төсөлтэй танилцлаа. Ажлын хэсгийн ахлагч эрхэм гишүүн О.Чулуунбат Олон овоотын лицензийг яаралтай борлуулж төсвийн хөрөнгийг нөхөх ёстой гэсэн агуулга бүхий тогтоолын төсөл гаргасныг танилцуулав. Тэрбээр “Энэ асуудлаар “Жаст”-ын зүгээс нэлээд улстөржиж нийгэмд янз бүрийн бодол санаа үүсгэж байна. Хувийн компани төрийн мөнгөөр бизнес хийж буй асуудлыг сөхөж тавьсан таван гишүүнийг “Хулгайч л хамгийн түрүүнд хулгайчийг барь гэж хашгирдаг” гэх мэтээр янз бүрээр хэлж байна. Төсвийн  их хэмжээний мөнгө хувийн компани  дээр байгаа ийм зүйл Монголын түүхэнд өмнө нь байгаагүй. Олон улсын практикт ч байхгүй. Энэ бол хувийн компанийг ад үзсэн зүйл биш. Ийм шийдвэр гаргасан буруутанд Ерөнхий сайд, Засгийн газар хариуцлага тооцох ёстой. Бонд гаргах шийдвэрийг Эдийн засгийн байнгын хороо гаргасан. Иймд асуудлыг Төсөв, Эдийн засгийн байнгын хороо хамтран хуралдаж ярилцъя” гэлээ. “Төсвийн мөнгийг хувийн компани ашиглаж болж байна. Хувийн компаниуд зээл төлөхөөс татгалздаг болж байна. Ийм жишиг цаашид тогтвол буруу. Төсвийн мөнгөөр хувийн компани 5-6 жил туйлж байж таарахгүй. Ингэснээрээ “Жаст”-аас Олон овоотыг булаах гээгүй. Нээлттэй зах зээл дээр лицензийг борлуулъя. Үүнийг “Жаст” ч худалдаж авч болно” гэж О.Чулуунбат гишүүн хэлсэн бол гишүүн Ц.Сэдванчиг “Зоос”-ын хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төр төлсөн. Зээлдэгчээр төрийн мөнгийг буцааж төлүүлэх ёстой гэдэг нь тодорхой. Олон овоотыг эзэмшиж буй хүмүүс нийгэмд буруу зөрүү ойлголт төрүүлэхүйц зүйл ярьж “бонд бол мөнгө биш” гэх зэрэг зүйл ярьдаг болсон. Ирэх оны төсөвт орлого нэмэгдүүлэх шаардлага байгаа. Үүний нэг эх үүсвэр нь “Зоос” банкинд зориулж гаргасан Засгийн газрын 100 тэрбум төгрөгийн бондыг төлүүлэх явдал” гэж байлаа. Гишүүн Ц.Даваасүрэн “Засагт очих лиценз банк дампууруулсан нөхдөд оччихоод байна. Засаг, төр хуулийн дагуу шийдвэр гаргаж чадахгүй байна. УИХ хариуцлага тооцох механизмгүй байна. Харъяа сайдад хариуцлага тооцох хэрэгтэй. С.Баярцогт сайд ажлаа тайлагнах ёстой” гэлээ.

Ингээд гишүүд Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороог маргааш хамтруулан хуралдуулж Засгийн газрын бондын төлөлт, Олон овоотын лицензийн асуудлаар өмнө нь гаргасан тогтоолуудын хэрэгжилтийг сонсохоор боллоо.

                       
    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж