
Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Үйлдвэрлэл , үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй интернэт, компьютер тоглоомын газруудад шалгалт хийжээ. Шалгалтанд Хан-Уул дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ явуулж буй нийт 11 иргэний интернэт, цахим тоглоомын газар хамрагдсан байна. Эдгээр интернэт, цахим тоглоомын үйлчилгээний газруудад үйлчилгээ явуулж буй газрын зай талбай хүрэлцээгүй, байрны агаарт агаарын чийгшлийн хэмжилт хийхэд эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс бага, агааржуулалтын механик системгүй, цэвэрлэгээ, ариутгал тогтмол хийдэггүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Тиймээс зарим тоглоомын газрын үйл ажиллагааг хааж, зөрчил дутагдлыг арилгуулахаар сануулга өгсөн байна.