21 мянгын шимтгэлийг багасгахаар тендер зарлана

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

21 мянгын шимтгэлийг багасгахаар тендер зарлана

"Төрөөс иргэдэд түгээж буй 21 мянган төгрөгийг "Хадгаламж" банк олгохдоо 350 төгрөгийн шимтгэл авч буйг буруу" хэмээн Нийгмийн бодлого боловсрол,соёл шинжлэх ухааны байнгын хорооноос мэдээлэл хийж байсан.

Түүнчлэн 21 мянган төгрөгийг авахдаа шимтгэл болгон авдаг байсан 350 төгрөгийг иргэдэд буцаан олгохоор болсныг мэдэгдэж байлаа. Гэтэл тухайн халамжийн мөнгийг банк түгээхдээ тодорхой зардал гаргадаг учраас 350 төгрөгийн шимтгэлээ авна хэмээн заргалдсан байна. Ингэснээр асуудал ерөнхийдөө намжсан.

Гэтэл орон нутагт харьяалалтай иргэн хотод буй "Хадгаламж" банкны салбараас 21 мянгаа авах гэтэл 100 төгрөгийн шимтгэл нэмж хураалгах шаардлагатай гэжээ. Өөрөөр хэлбэл, 450 төгрөг тушаах шаардлагатай болсон байна. Яагаад ингэх болсон талаар банкнаас лавлахад "Та харьяаллын бус байна. Тиймээс 100 төгрөг авч байгаа" гэжээ.

Энэ талаар НХХЯ-ны яамны Халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн С.Отгондэлгэрээс тодрууллаа.

-21 мянган төгрөгийг иргэдэд түгээхдээ авдаг 350 төгрөгайг иргэдэд эргэж олгох тухай яригдаж байсан. Энэ асуудал юу болж хувирсан бэ?

-Иргэдэд олгож байгаа 21 мянган төгрөгийг шимтгэлд авч буй 350 төгрөгийг хураах шийдвэр хэвээр байгаа. Учир нь энэ мөнгийг түгээхэд тухайн банкинд тодорхой хэмжээний хохирол гардаг юм билээ. Тухайлбал, иргэд 21 мянган төгрөгийн авах дараалалд зогсохдоо банкны барилгын үүдийг эвдэх зэрэг хохирол гаргадаг гэсэн.

-Тэгвэл 350 төгрөгийн шимтгэлийг багасгах боломж байхгүй гэсэн үг үү?

-Энэ тухай яригдаж байгаа гэсэн. Бидэнд тодорхой зүйл хэлээгүй байна. Гэхдээ миний сонссоноор банкуудын хооронд тендер зарлах юм билээ. Тодруулж хэлбэл, 350 төгрөгөөс хямд шимтгэлээр олгох банк шалгаруулах талаар яригдаж байгаа гэсэн. Гэтэл тендер зарлахад тодорхой хэмжээний мөнгө шаардлагатай байгаа. Мөн тендер зарлалаа гэхэд түүнд оролцох банкуудын сонирхол хэр байгаа зэрэг асуудлууд байгаа гэж дуулсан. Гэхдээ үүнийг баттай мэдээлэл биш гэдгийг тодотгож хэлэх нь зөв байх.

-Үүнээс гадна орон нутгийн иргэд хот дахь "Хадгаламж" банкны салбараас 21 мянган төгрөгөө авахаар 100 төгрөгийн шимтгэл нэмж аваад байна гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Наадахыг чинь дуулаагүй юм байна. Манай хэлтсийн санхүүгийн алба зэргээс тодорхой мэдээлэл өгөх байх. Мөн банк хоорондын тийм асуудлыг бид сайн мэдэхгүй.

-Тэгээд хэн мэдэх вэ?

-Ямартай ч 350 төгрөгийн шимтгэлтэй 21 мянган төгрөгийг олгож байгаа. Энэ мөнгийг банкаар дамжуулж олгохыг хуульд тусгасан. Бид тэр шугамаар л ажиллаж байна

Д.Сүхбаатар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж