МАН-ын бүлгийн дарга мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгийн дарга мэдээлэл хийв

МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийг хэлэлцээд хоёр зүйлээрээ өнгөрсөн жилүүдийн төсвөөс дэвшилттэй болсон гэж үнэлсэн байна. Тодруулбал, ирэх онд эдийн засгийн өсөлтийг 25.6 хувьд хүргэнэ. Нэг хүнд ногдох ДНБ 5362 ам.доллартай тэнцэнэ. Хөрөнгө оруулалтын хэмжээ урьд жилүүдийнхээс 4.2 дахин нэмэгдэж 1.5 их наяд төгрөгт хүрнэ. Төсвийн алдагдлын хувьд 740 тэрбум төгрөг байгаа. Энэ нь 2011 оныхтой харьцуулахад төсвийн алдагдал буурсан үзүүлэлт юм.

Хоёр дахь дэвшилт нь 2012 оны төсөв хүний хөгжилд анхаарснаараа онцлогтой. Өнгөрсөн тавдугаар сард тус намын бүлэг хуралдаад УИХ-ын 2008 оны сонгуулиар амласан амлалтаа хэрэгжүүлэх хүрээнд ямар ажлууд хэрэгжсэн, юу хэрэгжээгүй байгаад үнэлэлт дүгнэлт өгч, Засгийн газарт 11 зүйл бүхий санал хүргүүлж байсан. Түүнд туссан нэгдүгээр санал нь цалин, тэтгэврийг нэмэх тухай байсан. Өөрөөр хэлбэл, ирэх онд цалин, тэтгэврийг 53 хувиар нэмнэ. Цалинг нэмэхэд нэг их наяд 200 тэрбум төгрөг төсөвт суулгасан бол  тэтгэврийг нэмэхэд 700 тэрбум төгрөг суулгажээ. Цалин, тэтгэврийг нэмэх үед гардаг хамгийн том алдаа бол өндөр цалинтай иргэдийнх нь илүү их нэмэгдэж, бага цалинтайнх бага нэмэгдэж тэр хэрээр цалин, тэтгэврийн зөрүү гарч алсарч ирсэн. Энэ байдалд дүгнэлт хийж бүх хүнийхийг жигд 80 мянган төгрөгөөр нэмнэ. Дараа нь 1.8-2.3 хувиар индексжүүлж нэмэхээр төлөвлөсөн байна.

Мөн Хүний хөгжлийн сангаас олгож байгаа хувь хишгийн хүрээнд нэг сая төгрөгийг 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд бэлнээр олгоно. Үүн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэмэгдэнэ. Нийтдээ 334 мянган иргэн эхний ээлжинд нэг сая төгрөгөө бэлнээр авна. Оюутнуудын хувьд сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг авна. Нийт 83 тэрбум төгрөгийг сургалтын төлбөрт зориулж олгохоор төсөвт суулгасан. Орон сууц авахад зориулж 100 мянган иргэнд тус бүр нэг сая төгрөг олгоно. Харин цаана нь үлдэж буй 2 сая гаруй иргэн нэг сая төгрөгөө яаж хүртэх вэ гэдэг бүрхэг байгаа юм. Тиймээс энэ чиглэлд Засгийн газар ажиллах шаардлагатай гэж үзсэний зэрэгцээ бүлэг мөн байгуулсан ажлын хэсгийнхээ хүрээнд гарц хайхаар болжээ.

Засгийн газарт үүрэг болгосон 11 зүйлийн ажлаас дутуу зүйл нэлээд байгаагийн нэг нь дунд сургуулийн багш нарыг компьютержүүлэх гэнэ. Хятад улсаас авах 500 саяын зээлээр энэ амлалтыг хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын зүгээс төлөвлөсөн ч бүрхэг аж. Түүнчлэн газар тариалангийн салбарыг дэмжих зорилгоор 12 мянган трактор нийлүүлэхээр болсон. Энэ ажил мөн л Хятад улсаас авах зээлийн хүрээнд хүлээлтийн байдалд шилжжээ. Бүх аймгийг хатуу хучилттай авто замаар холбох ажил хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан урагшлахгүй байгаад дүгнэлт хийх. Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одонтой ээжүүдэд нэг сая, 500 мянган төгрөг олгох чиглэлд анхаарал хандуулан ажиллах шаардлагатай хэмээн бүлгийн хуралдаанаас гишүүд үзжээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны тухайд маргааш хуралдах зар ирсэн гэсэн мэдээллийг өглөө.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж