
“Halloween” буюу “Сүнсний баяр”-ыг монголчууд ингэж сүртэй тэмдэглэж байгаагүй ээ. Тиймээс Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн энэ жил шинийг сэтгэж, хүмүүсийг сонирхолтой, бас аймшигтай “Тамын төгөл”-ийг аврах аялалд урьж, зомби, сүнснүүдийг сэрээчихжээ. Аравдугаар сарын сүүлийн өдөр. Аймшигт өдөр. Энэ өдөр оройн 18.00 цагаас Хүүхдийн паркад 666 аймшгийн “баатруу” цуваагаар жагсч, “Тамын төгөл”-ийг аврах гэсэн сайхан сэтгэлд хүмүүсийг айлгахаар алхцгааж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн анх удаа Монголд “666 аймшгийн баатруудын парад”-ыг ийнхүү зохион байгууллаа. Залуус ч энэ парадад идэвхитэй оролцож, “Halloween”-ий баяраа жинхэнэ утгаар нь тэмдэглэн өнгөрүүллээ. Хүчтэй бөмбөрийн хэмнэл, аймшигт зомби, сүнснүүдийн парадад ихэвчлэн сургуулийн сурагчид оролцож байв. Энэ баярын хамгийн гол хоёр өнгө бол улбар шар болон хар өнгө юм. Мөн “Сүнсний баяр”-аар хүүхдүүд аймшгийн “баатрууд”-ын дүрд хувилж, айл бүрээс чихэр гуйдаг уламжлалтай гэж байгаа. Энэ өчигдөр парк дээр энэ уламжлал эсрэгээрээ хэрэгжив. Хүүхдийн паркад ирсэн хүн бүрт аймшгийн “баатар”-ууд багачуудын дуртай “bon o bon” чихрийг тарааж байв. Энд тэнд хүмүүсийн орилох чимээ сонсогдож, бүр зарим багачууд зомби, сүнснүүдээс айж, зугтаагаад л… хөгжилтэй ч юм шиг. Гэгээ тасарч, гадаа харанхуй бүрхлээ. Зомби, сүнснүүд галын муу ёр шүгэлсэн түүдэг галыг асааж, галт наадам хийж байна. Тэд галыг тойрон бүжиглэж, өөр өөсрдийн дүр төрхийг илэрхийлэх хачин жигтэй бүжгийг бүжив. Гадаа хүйтэн ч тэд огт даарахгүй байгаа бололтой. Баярын төгсгөлд Үндэсний соёл амралтын хүрээлэнг аймшигт сүнс, зомбинуудаас чөлөөлж, баярын салют тэнгэрт гялалзана.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн 666 аймшигт “баатрууд”-ыг авчирч, анх удаа парад зохион байгуулж, “Halloween”-ий баярыг тэмдэглэх боломжийг бүрдүүлж өгсөнд нь талархмаар. Магадгүй анх удаа “Сүнсний баяр”-ыг тэмдэглэж, үзсэн хүмүүс өчигдөр олон байсан биз. Жилдээ ганцхан удаа л хүүхдийн паркад ирдэг гэх ойлголтыг эвдэж, сар бүр шинэлэг арга хэмжээг зохион байгуулж буй Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хамт олонд баяр хүргэе. Хүмүүсийн дунд энэ сараас парк амрана гэх яриа гарсан ч энэ худал гэнэ шүү. Хүүхдийн парк нь жилийн дөрвөн улирал ажиллана гэдгийг дуулгая. Энэ сард танай гэр бүл болон найз нөхдийг бас нэгэн өөр аялал хүлээж байгааг дуулгахад таатай байна.
Хүүхдийн парктаа тавтай морил
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
М.Дөл