
Хэлэлцүүлгийн шатанд идэвхитэй хөндөгдсөн бас нэг асуудал нь авто зам барих тухай байлаа. Улаанбаатар хотод хүн амынх нь тэн хагас амьдарч буй бөгөөд тэр хэрээр давхих тээврийн хэрэгслийнх нь тоо орон нутгийнхыг хэд дахин нугална. Харамсалтай нь, зам нь гэж там болоод хувирчихсан тул шинэчлэн засах зайлшгүй шаардлагатай замууд олон аж. Гэвч хөрөнгийг нь ирэх оны төсөвт суулгаж өгөөгүй. Зөвхөн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зам барихад 94 тэрбум шаардана. Тэгтэл Увс аймгийн Тээлийн гүүрээс Хяргас нуур хүртэл авто зам тавихад зориулж ирэх онд 15 тэрбум төгрөг суулгажээ. Ач холбогдлоор нь авч үзвэл Улаанбаатар хотод тавих авто зам нь илүү байлтай. Ямар үндэслэлээр Увс аймгийн авто замд хөрөнгө тавьсныг байнгын хорооны дарга Д.Зоригт холбогдох яамныхныг хариулт өгөхийг хүсэв. Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийн хариултаар бол Засгийн газрын төвшинд эхний ээлжинд аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд Завхан аймгийг Увстай холбох ажил явж байсан ч хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан дундаа 100 км тасарсан. Ирэх жил дээрх авто замын ажлыг гүйцэтгэснээр аймгийн төвүүдийг холбох авто замын ажил нэлээд урагшлах юм байна. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүд Сангийн сайд С.Баярцогтод хандан Монгол Улсын нэгдсэн төсөв яагаад мөнгөний бодлоготой уялдахгүй байгаад хариулт өгөхийг шаардлаа. Монголбанкны ерөнхийлөгчийн хэлснээр бол улстөрчдөөс болоод төв банк тогтмол инфляцитай дайн зарлаж мөнгөний хатуу бодлого барьж ажиллахаас аргагүй байгаа. Сангийн сайдын хариултаас харвал Монгол Улсын нэгдсэн төсөв, мөнгөний бодлого хоёр заавал уягдах албагүй. Төсөв тэлэлттэй инфляци өндөртэй үед төв банк мөнгөний бодлогоо чангаруулж хатуу бодлого барина. Төсөв бага үед төв банк мөнгөний бодлогоо сулруулна. Ирэх жилийн тухайд цалин, тэтгэврийг 53 хувиар нэмэгдүүлэх, мөн Хүний хөгжлийн сангаас нэг сая төгрөгийг бэлнээр тараах зэргээс шалтгаалж инфляцийн дарамт үргэлжилнэ. Тэгэхдээ 2012 оны зургадугаар сараас хойш Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт мөнгө тараахүй, нэг ёсны зогсоно. Түүнийгээ дагаад инфляцийн хөөрөгдөл зогсоно. Нийт 2.8 орчим сая иргэн Хүний хөгжлийн сангаас бэлнээр мөнгө авч байсан бол зөвхөн зорилтот хэсэг буюу халамж хүргэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн иргэдэд төр халамжаа хүртээнэ. Энэ цагт байдал арай дээрдэх гэнэ. Нөгөөтэйгүр, инфляцийг тогтмол хөөрөгдөж ирсэн махны үнэ, гадаад зах зээлээс болж ямагт ханшийн савлагаа үүсгэж буй нефтийн бүтээгдэхүүний үнэ дээрээ Засгийн газар цаг тухай бүрт нь шийдвэртэй арга хэмжээ авах нь чухал аж. Үүний тулд эхний ээлжинд нөөц бүрдүүлэх нь чухал юм байна.