
Тэгвэл ч өснө, ингэвэл ч нэмэгдэнэ. Яг үнэндээ инфляци өсөх бодит нөхцөл байна уу үгүй юу гэдэг нь ч эргэлзээтэй. Инфляци ямар тохиолдолд өсдөг вэ. Хамгийн энгийнээр ойлгоход эрэлт, нийлүүлэлтийн хуулиар зохицуулагдана. Хэрвээ хангалттай эрэлттэй байгаад нийлүүлэлт буюу бараа, бүтээгдэхүүн хангалтгүй байвал үнэ өснө.
Эсрэгээрээ маш их бараа, бүтээгдэхүүнтэй байхад хүмүүсийн худалдан авах чадвар сул буюу эрэлт муу байвал үнэ багасах жамтай. Манай улсын эдийн засаг өсч, иргэдийн амьжиргаа дээшлэхийн хэрээр эрэлт нэмэгдэж байгаа л даа. Гэхдээ нөгөө талаас тэр эрэлтийг хангах нийлүүлэлт хомсодсон уу гэвэл тийм биш байгаа юм. Бид тэртээ тэргүй дотооддоо хангалттай үйлдвэрлэж чадахгүй байгаа шүү дээ. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг урд хөршөөсөө хангадаг.
Гэтэл тэнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ төдийлөн өсөөгүй бөгөөд Хятадаас орж ирэх импортын хэмжээ багасаагүй байна. Эсрэгээрээ импорт хоёр дахин нэмэгджээ. Нөгөө талд ДНБ-ний өсөлт ч бас муугүй төвшинд байна. Энэ тохиолдолд үнэ өсөх бодит шалтгаан харагдахгүй байгаа юм.
Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар инфляци 10.5 хувьтай гарсан. Цаашид ч өсөх хандлагатай байгаа учраас мөнгөний бодлогыг хатуурууллаа гэж Монголбанкныхан тайлбарлаж байна. Ирэх оны төсвийн зардал долоон их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа. Үүнээс 600 гаруй тэрбум төгрөгийг иргэдэд бэлнээр тарааж, цалин хөлсний нэмэгдэлд бас чамгүй их мөнгө зарцуулна.
Дахиад л инфляцийг яах вэ гэж Монголбанкныхан толгойгоо гашилгаж сууна. Иргэд ч бас цалин 53 хувиар нэмэгдэнэ гэж баярлахын сацуу мөнөөх инфляци нь яадаг бол гэж битүүхэн болгоомжилж, магадгүй айж явна. Энэ мэтээр инфляци буюу өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт гэдэг зүйл монголчуудын хувьд эгээ л "атгаалжин хар мангас" аятай аймшигт зүйл болж хувирчээ.
Аргагүй л дээ. Өнгөрсөн жилийн эхэнд 600 төгрөг байсан талхны үнэ өнөөдөр 650 төгрөг болчихсон байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ оны эхээр 30 хувиар нэмэгдсэн ч дагаад автобус, такси, бензин түлш гээд бүх юмны үнэ өсчихлөө. Саяхан 1390 төгрөг байсан АИ-92 авто бензиний үнэ 1590 төгрөг болж, даруй 200 төгрөгөөр нэмэгджээ. Энэ тохиолдолд инфляциас болгоомжилж, хамгаалалгүй л яахав.
Гэхдээ цаашид аливаа юмны өмнө инфляци гэдэг бул хар чулуу тавьчихаад айгаад л суух хэрэг үү. Өөрөөр хэлбэл, төсвийг жаахан ахиу баталчихвал инфляци өсөх вий, цалингаа нэмчихвэл бас яадаг бол гээд л суугаад байх уу, эсвэл гэдэг асуулт сонин байна. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн захирал, Эдийн засгийн ухааны доктор, профессор А.Даваасүрэн "Ирэх жил цалин хөлсийг 53 хувиар нэмэгдүүлнэ гэдэг чинь эдийн засагт эргэлдэх мөнгө тэр хэмжээгээр өснө гэсэн үг. Тийм байхад инфляци цаашид ч өснө. Бид инфляциас айхгүй байх ганцхан арга байгаа. Ерөөсөө л үйлдвэрлэх. Өөрсдийнхөө хэрэгцээг хангасан сайн үйлдвэрлэлийг дэмжиж, үйлдвэрлэж чадвал инфляциас айх хэрэггүй" гэлээ.
Манай улсын хувьд хэрэгцээгээ бүрэн хангахуйц үйлдвэрлэгч орон болтлоо хол байна л даа. Тэгэхээр энэ нь инфляци гэдэг зүйлээс айхааргүй, санаа зовхооргүй болтол ч багагүй хугацаа зарцуулна гэсэн үг болж байна. Нөгөөтэйгүүр ирэх онд ДНБ 26 хувиар өснө гэх эерэг төсөөлөл гараад байгаа. Засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлтийг иргэндээ наалдацтай, хүн бүрд хүртээмжтэй хэлбэрээр бий болгоно гэж амлаж байна.
Гэхдээ инфляцийг барьж чадахгүйд хүрвэл эдийн засгийн өсөлт Дулмаад хамаагүй гэгч нь болж хувирах нь. Юутай ч Засгийн газрын зүгээс инфляцийг нэг оронтой тоонд барина гэж ирэх оны төсвийн төслийн үзэл баримтлалд тусгаад байгаа. Харин Эдийн засгийн боддого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу манай сонинд өгсөн ярилцлагадаа “Төр инфляцийг бага төвшинд барьж, эрх зүйн орчныг тогтвортой шударга бүрдүүлж өгөх үүрэгтэй, гэвч чадахгүй байна” гэсэн удаатай. Ганц Ч.Отгочулуун ч биш ер нь бизнес эрхлэгчид энэ тал дээр гомдолтой байдаг гэдгийг дуулгах хэрэгтэй.
Нэгтгээд дүгнэж үзье. Нэгдүгээрт, аливаа улс инфляцид санаагаа чилээхгүй байхын тулд үйлдвэрлэгч орон болох цорын ганц л сонголттой болж байна. Харин манай улс хараахан үйлдвэрлэгч болж амжаагүй явна. Хоёрдугаарт хэрвээ үйлдвэрлэгч орон биш бол инфляцийг бага төвшинд барих үүрэг зөвхөн төрд бий. Гэвч манай төр одоохондоо тэр үүргээ биелүүлж чадахгүй байгааг ард иргэд, бизнесмэнүүд, эдийн засагч, судлаачид хэлж байна.
Өөрөөр хэлбэл, инфляци өсөх магадлал ирэх жилүүдэд ч өндөр хэвээр байх нь бололтой. Монголбанкны зүгээс тодорхой арга хэмжээ авч, бодлогын хүүг өсгөж байгаа ч зөвхөн бодлогын хүүгээр инфляцийг барих ямар ч боломжгүй гэж олон эдийн засагч хэлж байна. Үнэхээр эдийн засаг улайстлаа халчихсан өнөөгийн нөхцөлд инфляцийг зөвхөн бодлогын хүүгээр хязгаарлана гэдэг боломжгүй зүйл байх.
Гэхдээ тэглээ гээд дэд бүтцээ хөгжүүлэхгүй, цалингаа нэмэгдүүлэхгүй байлтай нь биш. Засгийн газар цалинг гурав дахин нэмэгдүүлэх амлалт өгсөн, түүнийгээ хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Гагцхүү амлалтаа хэрэгжүүлэхийн хамт инфляцаас айхгүй байх тэр нөхцлийг бүрдүүлж өгөөсэй гэж найдъя.