“Цахим гарын үсэг тухайн хүний найдвартай баталгаа болно”

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

“Цахим гарын үсэг тухайн хүний найдвартай баталгаа болно”

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хурлаар Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэжсэн юм. Харилцааны цоо шинэ орчин үүсгэх энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржоос тодрууллаа.

-Цахим гарын үсгийн тухай хуультай болохын ач холбогдол юу вэ?

-Ийм хуультай болох зайлшгүй шаардлага гараад байгаа юм. Төрийн байгууллагын харилцаанаас эхлүүлээд иргэд хооронд, аж ахуйн нэгжүүдийн хооронд өнөөдөр орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны технологийг өргөн хэрэглэх боллоо.  Ингээд ирэхээр аливаа албан ёсны гэрээ хэлцэл хийх, эсвэл “Энэ би мөн шүү” гэдгээ албан ёсоор илэрхийлэх, хэн нэг хүний өмнөөс өөр хүн аливаа үйлдэл хийхээс сэргийлэх зорилгоор тоон болон цахим гарын үсгийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага гарч байна. Ингэвэл олон харилцаа шуурхай, хурдан, илүү найдвартай явах боломж бүрдэх юм.

-Тоон гарын үсэг, цахим гарын үсгийн ялгаа юу вэ?

-Тоон гарын үсэг нь хэрэглэгчийнхээ нэлээд өргөн мэдээлэл, нууцлалыг агуулах юм. Цахим гарын үсэг нь бид ердийн гарын үсгээрээ баталгаажуулдагтай адил хууль эрх зүйн чадамжтай зүйл.

-Хэзээнээс хуулийг хэрэглэж эхлэх вэ?

-Ийм хуультай болсны дараа тусгай зөвшөөрлийн байгууллагатай болох ёстой. Тоон болон цахим гарын үсгийг баталгаажуулах, түүгээр үйлчлэх байгууллага гэсэн үг. Түүний дараа мөрдөх боломжтой.

-Жирийн иргэн хүн нэн түрүүнд юунд цахим гарын үсгийг хэрэглэж болох вэ?

-Мөнгөний тооцоо төлбөр, и-мэйл, мессэж зэргээр явуулсан зүйлд өөрийгөө баталгаажуулахаас өгсүүлээд олон зүйлд хэрэглэнэ. Аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд ч хэрэглэж болно.

-Сонгуулийн санал хураалтад ч юм уу, ашиглаж болох уу?

-Алсаас, зайн санал хураалтад ашиглаж болно.

-Хайрцгаар санал өгөх юм уу, гадаадад байгаа иргэд санал хураалтад оролцвол гэсэн үг үү?

-Тэгж болно. Тухайн хүн цахим харилцаагаар “Энэ бол би шүү” гэдгээ илэрхийлэхэд баталгаа болох учиртай юм. Одоо бол иргэнийг регистрийн дугаараар баталгаажуулдаг. Тэгвэл цахим, тоон гарын үсэг түүнээс хавьгүй өргөн, найдвартай баталгаа юм.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж