“Ballon d’Or”-т нэр дэвшигчдийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

“Ballon d’Or”-т нэр дэвшигчдийг зарлалаа

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо, “France Football” сэтгүүлээс хамтран тухайн жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчид олгодог “Ballon d’Or” буюу “Алтан бөмбөг”-т нэр дэвшсэн 50 тоглогчийг зарлалаа. Энэ жилийн шагналд Испанийн “Барселона” багаас хамгийн олон буюу есөн тамирчин нэр дэвшжээ. “Барса” өнгөрсөн жилийн Испанийн Ла лиг, Супер цом, Европийн хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лиг, Европийн супер цом гэсэн дөрвөн том тэмцээнд түрүүлсэн юм. Каталоны нэр төр гэгддэг “Барса”-гаас сүүлийн хоёр жилийн “Алтан бөмбөг”-ийн эзэн Лионель Мессигээс гадна Шави, Иньеста, Давид Вилья, Карлес Пуйоль, Жерард Пике, Дани Алвес,  Эрик Абидаль болон энэ зун солилцоо наймааны цонхоор ирсэн Сеск Фабрегас нар нэр дэвшжээ. Ингэснээр өнгөрсөн жилийн “Барселона” багийн гарааны 11 тоглогчоос найм нь нэр дэвшсэн гэсэн гайхалтай үзүүлэлт гарч байна.

Харин тэдний мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид” багаас Криштиан Роналду, хаалгач Икер Касильяс нэр дэвшлээ. Роналду энэ жилийн Европийн шилдэг хөлбөмбөгчид нэр дэвшээд гуравдугаар байрт шалгарсан юм.

2011 оны “Алтан бөмбөг”-ийг энэ жилийн Европийн шилдэг хөлбөмбөгч болсон Аргентиний шигшээ болон “Барса” багийн  довтлогч Лио Месси хүртэх магадлал өндөр байна. Хэрвээ Месси түрүүлвэл алдарт Мишель Платини, Марко ван Бастен, Йохан Круйфф нарын амжилтыг давтах юм.

Хөлбөмбөгийн томоохон хэвлэлүүд нэр дэвшсэн 50 хөлбөмбөгчөөс шилдгийн төлөө Уэйн Рүүни /МанЮ/, Арьен Роббен, Франк Рибери /Байерн Мюнхен/, Серхио Агуэро /Ман Сити/, Диего Форлан /Интер/ нарыг хамгийн хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэж үзжээ. Харин Оросын Премьер лигээс энэ зун “Анжи”-д ирсэн Самуэль Эту ганцаар нэр дэвшсэн байна.

ФИФА-гийн “Алтан бөмбөг”-ийн эзнийг улс бүрийн хөлбөмбөгийн шигшээ багуудын дасгалжуулагчийн саналаар тодруулдаг. 2011 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч ирэх оны нэгдүгээр сарын есөнд Швейцарийн Цюрих хотноо тодорно.

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж