Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад автобус бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад автобус бэлэглэнэ

Өнөөдөр үндэсний “Өгөх өдөр”. “Өгөх өдөр” хөдөлгөөнийхөн энэ өдөр 12 цагт нийслэлийн 25 дугаар дунд сургуулийн сурагчдад автобус бэлэглэх гэж байна. Тус сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг бөгөөд ар гэрийнхэн нь тэднийг өдөр бүр хичээлд нь хүргэж өгч, сургуулиас нь авдаг юм. Энэ нь тухайн өрхийн төсөвт багагүй нөлөөлдөг нь ч тодорхой. Тиймээс хөдөлгөөнийхөн “Өгөх өдөр”-ийн хүрээнд энэ жил энэхүү сайн үйлсийг бүтээхээр шийдсэн нь тус сургуулийн удирдлагууд, сурагчид, эцэг эхчүүдийн талархлыг хүлээж байна. Үүнээс гадна тэд бөөрний дутагдал хэмээх өвчнөөр шаналж буй Г.Баттөрд туслалцаа үзүүлж байгаа юм. “Wisdom” кино продакшныг үзэгчид “Бодлын хулгайч” киног бүтээснээр нь сайн мэднэ. “Өгөх өдөр” хөдөлгөөний тэргүүн А.Уянга тус продакшны захирлаар ажилладаг бөгөөд энэхүү киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Амарсайхан нартай хамтран “Бодлын хулгайч” киноны орлогоос 20 сая төгрөгийг хүмүүнлэгийн үйлст зориулж, 25 дугаар дунд сургуулийн сурагчдад тусалж байгаа нь энэ юм. Мөн “Мэргэн” бизнес группийнхэн энэхүү арга хэмжээнд нэгдэж, 10 сая төгрөг хандивлажээ. Тус групп нь “Бодлын хулгайч” уран сайхны киног санхүүжүүлж, Монголын кино урлаг томоохон хөрөнгө оруулалт хийсэн билээ. “Өгөх өдөр” хөдөлгөөнийхөн 2010 онд тохиосон нээлтийн жилийнхээ хүрээнд “Том болоорой, Удвал” төслийг хэрэгжүүлж, бяцхан охин Э.Удвалыг БНСУ-д эмчлүүлж, эдгэрэхэд томоохон хувь нэмэр оруулсан юм. Дашрамд дуулгахад, “Бодлын хулгайч” кинонд “90 саяын” Гансүхийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Амарсайхан өнөөдөр 13 цагт СУИС-ийн оюутнуудад хичээл заах юм байна.          
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж