
Монголын хувиараа аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг төр, засгийн бодлоготой уялдуулан ажиллах үүргийг хүлээсэн хүн бол Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын дарга С.Дэмбэрэл. Түүнийг “Бизнес эрхлэгчдийг дэмжих нь битгий хэл улам цуцааж байна” хэмээн шүүмжлэх хүн олон. Ийм шүүмжлэл дунд МҮХАҮТ-ын даргаар дахин сонгогдож чадсан нь С.Дэмбэрэлийн аль хэр сүүхэйтэй эр болохыг харуулсан. Харин одоо энэ эрхэм бизнесийн салбараас улс төрд хүч үзэхээр нэгэнт мэдэгдээд байгаа билээ. С.Дэмбэрэл улс төр рүү орох гүүрээрээ Иргэний Зориг намыг сонгожээ. Түүнд Ардын нам, Ардчилсан намаас өөрийг сонгож болох ганц хувилбар нь энэ нам байжээ. Уг нь тэрбээр Иргэний Зориг-Ногоон намд элсэх хүсэлтэй байсан ч Дээд шүүхэд бүртгэлгүй учир Иргэний Зориг намын батлахыг гардан авчээ. Нэгдсэнийг нь Улсын дээд шүүх бүртгээгүй, асуудалтай байгаа намд С.Дэмбэрэл элсэж буй нь сонин. Гэхдээ нөгөө талаас нь үзвэл Иргэний Зориг нам улс төрийн намуудын жагсаалтад нэлээд дээгүүрт бичигддэг нь түүний сонголтод нөлөөлсөн ч байж болох. Учир нь С.Дэмбэрэл дарга УИХ-ын 2012 оны сонгуульд хэрхэн өрсөлдөхөө сайтар төлөвлөн суугаа биз ээ. Энэ утгаараа ирэх сонгуульд ялна гэдэгтэй өөртөө итгэлтэй яваа гэсэн шүү. Ингэхэд Монголын улс төр С.Дэмбэрэлээр дутав уу, эсвэл тэр өөрөө улс төрөөр дутав уу. Ямартай ч тэрбээр Иргэний Зориг намын батлахаа өвөртлөн ирэх сонгуульд өрсөлдөх нь.
Ц.Энхцэцэг"Улс төрийн тойм" сонин
