Хятад “Шеньжоу-8” хөлгийг хөөргөв

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Хятад “Шеньжоу-8” хөлгийг хөөргөв

Хятад “Шеньжоу-8” сансрын хөлгийг хөөргөж, сансрын судалгаагаар АНУ, ОХУ-тай өрсөлдөх төлөвлөгөөнд нэг алхам ойртжээ. “Шеньжоу-8” сансрын хөлөг өнгөрсөн есдүгээр сард сансарт хөөргөсөн “Тиэнгүн-1” судалгааны туршилтын хөлөгтэй тойрог замд залгагдах ажээ. Хятад сансрын хөлгүүд тойрог замд залгагдах технологийг анх удаа туршиж байгаа юм байна. “Шеньжоу-8” сансрын хөлгийг өчигдөр орон нутгийн цагаар 05:58-д Хятадын Ганьсу мужийн Зючуаны сансарын хөлгийг хөөргөх төвөөс хөөргөжээ. “Шеньжоу-8” хоёр хоногийн дотор тойрог замд орж, дэлхийн агаар мандлаас 340 км зайд “Тиэнгүн-1” хөлөгтэй залгагдах юм байна. “Тиэнгүн-1” хөлгийн бусад хөлөгтэй залгагдах технологи нь ОХУ, Америкийн сансарын станцаас өөр шинэ технологиор зохион бүтээгдсэн тул энэ хоёр жилийн хугацаанд маш олон удаагийн туршилт хийх шаардлагатай ажээ.

Бидний зохион бүтээсэн технологи маш олон удаа ашиглаж болох тул сансарын хөлөг,  дагуулын хөөргөх тоог цөөлөх эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж тус улсын Сансарын хөлгийн судалгааны төвийн дарга тайлбарлалаа.

“Тиэнгүн-1” сансарын судалгааны хөлгийн бүхээг нь 10.4 метр урт, 3.35 метрийн голчтой,  сансарын нисгэгчдийн судалгаа шинжилгээний болон амьдралын шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг цогцоор нь суурилуулсан дотроо 15 куб метр эзэлхүүнтэй хоёроос гурван сансарын нисгэгч чөлөөтэй ажиллах амьдрах орон зайтайгаар зохион бүтээгджээ. “Тиэнгүн-1” нь Хятад улсын ирээдүйн сансарын эрдэм шинжилгээний станцад шаардагдах бүх технологи болон удирдлагын программыг бүрэн суурилуулсан төдийгүй тэдгээрийн ажиллагаанд туршилт хяналт хийж ирэх үүрэгтэй юм байна.

Хятад улс энэхүү туршилтаа 2016 онд дуусгаж,  2020 он гэхэд Сансарт өөрийн “Эрдэм шинжилгээний станц”-тай болох юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж