“Б.Эрдэнэбилэгийг дахин шалгаж байна”

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

“Б.Эрдэнэбилэгийг дахин шалгаж байна”

Гэр бүлийн гурван хүний амийг хороосон Б.Эрдэнэбилэгийн хэрэг эдүгээ Нийслэлийн прокурорын газар шалгагдаж дуусах шатандаа оржээ. Түүнийг өнгөрсөн сард Улсын Ерөнхий прокурорын газраас энд шилжүүлжээ.

Түүний үйлдсэн өмнөх хэргийг сөхвөл, найзыгаа хүлж орхиод ээжийг нь хүчиндэж, эд зүйлийг нь хулгайлан одсон байдаг. Улмаар хуулийнханд шалгагдаж байгаад батлан даалтад гарсан. Ингээд түр амьдардаг байсан бүсгүйгээ аав, ээжийнх нь хамт хороосон байна.

Энэ бүх хугацаанд тэрбээр прокурорын шийдвэрийн дагуу гадуур ял эдэлж байсан. Тэрбээр прокурор Ц.Насанбатад шалгагдаж байжээ. Харин Нийслэлийн прокурорын газарт шилжсэний дараа ч Б.Эрдэнэбилэгийг Ц.Насанбат шалгасаар байна.

Өчигдөр тус газрын хэвлэлийн албанаас энэ талаар албан ёсоор тодруулсан юм. Цаашлаад, Б.Эрдэнэбилэгийн талаар мэдээлэл өгөхгүй гэлээ. Мэдээж прокурорт шилжүүлсэн сэжигтний талаар гадагш мэдээлэл гаргадаггүй болохоор түүний аж, байдлыг мэдэх боломжгүй. Гэхдээ чухам юуны учир дахин Ц.Насанбат прокурорт Б.Эрдэнэбилэг шалгагдах болов.

Б.Эрдэнэбилэгийн үйлдсэн өмнөх хэргийг шалгах явцдаа Ц.Насанбат прокурор яллах дүгнэлт үйлдэхээс эхлээд хууль бус олон үйлдэл гаргаж байсныг баримттай ярих хүн байсан. Мөн Б.Эрдэнэбилэгийг шүүх хурал дээр хохирогч н.Нарангэрэлийн итгэмжлэхээр ажиллаж байсан Х.Эрдэнэбилэг гэх хуульчийг оруулаагүй байдаг.

Энэ нь эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл гэдгийг тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байжээ. Шүүх бүрэлдэхүүн, прокурор, улсын яллагч сэжигтний өмгөөлөгчид гээд бүгд нэг тал болчихсон байсан гэдэг нь ч худлаа биш аж. Түүнчлэн Нийслэлийн прокурорын хяналтын шатны прокурор Ц.Насанбат сэжигтэн Б.Эрдэнэбилэгийг дахин шалгах болсон шалтгааныг ч гайхах хүн олон байна.

Нэг үгээр хэлэхэд, нийгэмд онц аюултай гэмт хэрэгтнийг батлан даалтад гаргаснаас дахин гурван хүн халуун амиараа хохирсныг прокурор Ц.Насанбатын үйлдэлтэй холбох хүмүүс ч байдаг. Ямартай ч батлан даалтад байсан хугацаандаа гурван хүний аминд хүрсэн Б.Эрдэнэбилэгийг түүний хэргийг анхнаас нь шалгаж байсан прокурор Ц.Насанбат үргэлжлүүлэн шалгасаар байна.

Мөн энэ сарын эхээр түүний шүүх хурлын тов гарах бололтой. Прокурорын шатны буруутай үйлдэл, өөрийн ухамсаргүй байдлаас эдлэх ялаа нэмүүлэхээр болоод буй сэжигтэн Б.Эрдэнэбилэг дахин батлан даалтад гарахгүй байгаасай. Гадуур Б.Эрдэнэбилэгийг нэлээд мөнгөтэй нэгэн хэмээдэг. Энэ нь ч оргүй зүйл биш. Тэрбээр найзыгаа хүлж амийг нь хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдаад байхдаа хоёр өмгөөлөгч хөлсөлсөн байдаг. Ингэхдээ өмгөөлөгч тус бүрээ хоёр сая төгрөгөөр хөлслөн авч, эрх зүйн талын бүхий л үйлчилгээг нэг бүрчлэн хийлгэж байжээ.

Харин хохирогч н.Нарангэрэлийн талд тийм их мөнгө байсангүй. Итгэмжлэхээрээ дамжуулж шүүх хуралдаанд оролцохыг хүссэн ч зөвшөөрөөгүй байна. Үүнээс л үзэхэд Б.Эрдэнэбилэгийн үйлдсэн хэргийг зөвөөр шийдвэрлэхэд асар их мөнгө яригдсан байх магадлалтай. Тиймдээ ч гадуур ял эдлэх болж, дахин хүний амийг хороосноос зайлшгүй гэдэг.

Т.Батсугар

Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж