Дэлхийн ард түмэн өчигдөр долоон тэрбум дахь хүнээ хүлээж авсан гэнэ. Энэ хүн нь Филиппин улсын нийслэл Манила хотод мэндэлсэн бөгөөд 2.5 кг жинтэй охин байжээ. Долоон тэрбум дахь иргэн болсон бяцхан охинд эцэг, эх нь Даника Мей Камачо гэх нэр хайрлажээ. Манила хотын Жозе Фабеллагийн нэрэмжит эмнэлэгт амаржсан Камиль Далура охиныхоо тухай “Тэр үнэхээр хайр хүрмээр эгдүүтэй. Би охиноо дэлхийн долоон тэрбум дахь иргэн болсон гэдэгт итгэж чадахгүй байна” хэмээжээ. Ер нь НҮБ үнэхээр сайн ажилладаг юм биш үү. Дэлхийд бүртгэлтэй 200 гаруй улсынхаа хүн амыг нэгтгээд, бүр өдөр тутамдаа хэдэн хүн төрж байгааг тооцоолоод, долоон тэрбум дахь хүн Филиппин улсын Манила хотын Жозе Фабеллагийн эмнэлэгт төрөх юм байна гээд төрөх газарт бялуу бэлдээд оччихсон байж байсан гээд бод доо. НҮБ энэ үйл явдлийг үнэхээр сайн тооцоолсон байгаа биз. Жишээ нь дэлхийн 200 гаруй улс дотор Монгол Улс шиг хүнээ тоолж чаддаггүй улс орнууд байгаа ш дээ. Тэр бүрийн ажлыг бас хийсэн юм биш үү. Манай улс чинь малаа сайн тоолдог болохоос хүнээ тоолохдоо тааруухан шүү дээ. НҮБ-аас бид их зүйлийг сурч авах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол бид хэдий болтол хүнийхээ тоог гаргаж чадахгүй суух вэ. Мөн дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд ч мундаг. Тэд бяцхан охины зургийг авахын тулд тэнд очсон байсан гэнэ лээ. Дэлхийн сэтгүүлчид хүртэл Филиппиний Манилад долоон тэрбум дахь хүн мэндэлнэ гэдгийг мэдэж байсан байж таараад байгаа юм. Гэхдээ энд хэд хэдэн зүйл ойлгомж муутай байна. Магадгүй бид долоон тэрбум хүрээгүй ч байж болно. Учир нь энд тэнд болж байгаа гамшигт үйл явдлууд, санаандгүй, болгоомжгүй ажлуудаас үүдэлтэй асуудал гээд бидэнд долоон тэрбум хүрсэн гэх баталгаа байхгүй шүү дээ. Долоон тэрбум хүрээгүй байх аа.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин
