Нэг. Н.Энхбаяр нь хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтад байгаа. Энэ утгаараа төрийн өндөр албан тушаалтны халдашгүй эрхийг эдэлнэ. Ийм эрх бүхий хүнийг Цагдаагийн байгууллага дуртай цагтаа баривчлах, саатуулах оролдлого хийх нь байж болшгүй зүйл юм.
Хоёр. Н.Энхбаярыг МАХН-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд Нямдоржийн санаачилсан Цагдаагийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийсний дараахан болсон энэ ажиллагаа хэний захиалгаар хийснийг шууд заасан үйл явдал боллоо. Монгол Улсын ард түмний халдашгүй өмч болсон байгалийн баялгийг дур зоргоороо харийнханд худалдан урвагч олигархуудын “нохойд барьдаг мод” нь чухам хэн бэ гэдгийг энэ үйл явдал тодоос тод харуулж өглөө.
Гурав. Үйл явдлыг учир шалтгааны холбоогоор авч үзвэл Н.Энхбаярын тэргүүлсэн МАХН байгуулагдсан цагаасаа эхлэн Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд өгөх, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгох, авлигын сүлжээг таслах, ажилгүйдэл ядуурлыг бууруулах зэрэг асуудлыг тууштай тавьж ирсэн нь ард түмний дэмжлэгийг төрүүлсэн нь нэгэнт тодорхой болсон бөгөөд МАХН-ыг Улсын Дээд шүүхэд хуулийн дагуу бүртгэсэн үйл ажиллагааг улайран дайрч, шүүх засаглалын эрх мэдэлд эрээ цээргүй хутгалдахыг оролдож байгаа нь үүний жишээ мөн.
МАХН-ын зүгээс “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн уг үйлдэл нь ирэх хавар болох УИХ-ын сонгуулийн хугацаа ойртож байгаа энэ үед МАХН-ыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж, сонгуульд орох эрхийг нь хаах гэсэн зорилго гэдэг нь илэрхий” хэмээн үзэж буйгаа хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн юм. Хэрэв Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлсэн бүхэн баримттай үнэн бол түүнийг шалгуулах хүсэлтэй байгаагаа ч МАХН-ын гишүүд онцолсон. Ямартай ч Ц.Нямдорж сайд юу хийж байгаагаа сайн мэдэж байгаа болов уу.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой 25-дугаар суваг телевизээр үзүүлсэн нотлох баримтыг нь хуулбарлаж авах гэсэн боловч зөвшөөрөөгүй. Тэрбээр “За яах гэсэн юм бэ, хэрэггүй биз” хэмээн татгалзсан.
"Улс төрийн тойм" сонин
