Шүүхийн шинэтгэл сэтгүүлчдээс ч хамаарна

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Шүүхийн шинэтгэл сэтгүүлчдээс ч хамаарна

Хуульч О.Алтангэрэлийн булан үргэлжиж байна.

Олон нийт бухимдаж байна, шийтгүүлсэн иргэний эхнэр эсэргүүцэж байна, ээж нь амиа хорлох гэнэ, энэ бүхэн шүүхээс л болж байна гэсэн мэдээ өдөр тутам хөвөрнө. Хууль эрх зүйн наад захын мэдлэггүй микрофон барьсан сэтгүүлч шүүх, хуулийн байгууллагын үйл ажиллагааг сурвалжлаад эцэст нь “шүүх үнэхээр буруу шийдвэр гаргасан нь илт байна” хэмээн дүгнэлт хийж төгсгөнө. Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь юу байв, хүнийг үнэхээр хэлмэгдүүлсэн байж болох үндэслэлтэй юу, эсвэл шүүхийн шийдвэр өөрт нь ашиггүй гарсан хэн нэгний явуулга уу гэдэг нь ялгагдахгүй.

Шүүх болон хуулийн байгуулла­гыг буруутгаж л байвал олон нийтэд зөв харагдана, тэдний талархлыг хүлээнэ гэсэн буруу хандлага сэтгүүлчдийг хэт нэг талыг барьсан мэдээлэл тараах, олон нийтэд өөрийнхөө дүгнэлтээр ойлголт өгөхөд нөлөөлж байна. Мөн хуулийн асуудлыг хөндөхдөө хэдэн болохоо байсан шүүгч, прокурортой, тэднийг л өөрчилж солихгүй бол ямар ч асуудал шийдэгдэхгүй мэтээр ярьдаг, бичдэг нэгэн хэвийн жишиг тогтоод удлаа.

Ямар ч зүйлийн нэгэн адил манай шүүхийн систем дэх алдаа дутагдал ч өөрийн хэмжээ хязгаартай. Бүх шүүгчид хахууль авдаг, бүх прокурорууд авлигачид, бүх өмгөөлөгч нар хоёр талд ажилладаг гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Хоцрогдсон эрүүгийн эрх зүйн систем, социалист маягийн шүүхийн тогтолцооноосоо шалтгаалан монголын хууль хяналтын байгууллагууд муухай харагддаг нь үнэн. Гэхдээ ямар ч үед тэнд ажилладаг шударга хуульчид олонхи нь байсаар ирсэн юм шүү.

Арван хэдэн мянган төгрөг хулгайлсан эмэгтэйг шоронд илгээсэн, Хэрлэнчимэг нарын хэргийг шийдвэрлэхгүй удаасан, Улаанхүү начныг хурдан явуулж ялласан гээд л бүх зүйлд шүүх буруутай болж харагддаг. Гэтэл энэ бүх шийдвэр эсрэгээрээ байсан бол олон нийт, сэтгүүлчид магтан дуулна гэж бодож байвал томоохон эндүүрэл. Шүүхийн шийдвэр эсрэгээрээ гарлаа гээд төсөөлөөд үзье “Урьд нь хулгайн хэргээр шоронд орж байсан эмэгтэйг дахин удаа дараа хулгай хийн бусдын эд хөрөнгөнөөс хумслаад байхад нь шүүх ялихгүй мөнгө гээд толгойг нь илээд сулаллаа, насанд хүрээгүй хүүхдийн амь насыг хөнөөсөн этгээдүүдийн толгойг иллээ, улсын цолтой бөх бол хар тамхи зөөгөөд ч буруутдаггүй юм байна, шүүх танилтай талтайд нь үйлчилж байна” гэнэ. Ямар ч шийдвэр гарсан буруу, ард түмний өмөг түшиг нүд чих болсон сэтгүүлчдийн хэлсэн л зөв болно.

Сэтгүүлчдийн ачаар, хохирсон хэлмэгдсэн иргэдийн үгийг олон түмэнд хүргэсэн хэвлэл мэдээл­лийн хэрэгслийн буянаар шүү­хийн шинэтгэлийн асуудал олны анхаа­ралд орсон нь үнэн. Гэхдээ бас тэднийхээ гараар олон түмний итгэлийг дахин хэзээ ч олж авахааргүй болтлоо нэр хүнд нь унах нь шиг байна.

Одоо мянга сайхан хууль батлаад, системийнхээ хувьд шинэчлэгдлээ ч гэсэн бүгдэд таалагддаг шийдвэр гаргадаг шүүх гэж дэлхийд ч байхгүй учраас Монголын шүүх ч ялгаагүй аливаа хэрэг маргааныг шийддэгээрээ шийдээд л явна. Тэр үед нь ч гэсэн энэ хандлагаараа, өөрөөр хэлбэл хууль зүйн үүднээс бус хувь хүний сэтгэл хөдлөлөөр хандаад явбал шударга ёсонд итгэх итгэл хэзээ ч сэргэхгүй.

Сэтгүүлчдийн хууль зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх тал дээр дээд шүүхээс анхаарч шүүхийг сурвалжлах нь гэсэн нэртэй сургалт явуулж байгаа нь цагаа олсон зөв зүйтэй ажил болж байна. Цаашдаа зөвхөн шүүх ч биш хууль зүйн үндэсний хүрээлэн болон хууль зүйн бусад байгууллагууд энэ тал дээр анхааран ажиллах шаардлагатай. Дээрээс нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжлагч нараа энэ чиглэлээр мэргэшүүлэх, хууль зүйн чиглэлээр дагнасан сэтгүүлчдийг бий болгох нь чухал юм.

Шударга, бас үндэслэлтэй мэдээ мэдээлэл, шүүмжлэлүүд зөвхөн өнөө үед төдийгүй цаашдаа ч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудын тогтолцоонд эерэгээр нөлөөлнө. Зөвхөн манайд ч бус дэлхий дахинд энэ асуудал чухлаар тавигддагийн томоохон жишээ нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн нэр хүндэд Майамигийн шүүхийн шийдвэр нөлөөлж буй явдал болж байна. Кубын иргэнийг хууль бусаар яллахад ерөнхийлөгч оролцлоо гэсэн шүүмжлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарсан. Чухамдаа үнэнийг ялгах, хууль зүйн өндөр мэдрэмж бүхий сэтгүүлчдийн ачаар америкийн иргэд энэ явдал нь шударга бус байна гэдгийг мэдэж авсан юм.

Иймээс шүүхийг шинэтгэнэ гэдэг зөвхөн хуульчдийн асуудал бишээ. Үүнд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс, тэр дундаа сэтгүүлчид чухал үүрэгтэй. Шүд өвдлөө гэхээр ямар ч хамаагүй шүдийг сугалаад байдаггүйтэй адилхан нийгмийн эмч болсон сэтгүүлчид энэхүү шинэтгэлд чухал үүрэгтэй, бас хариуцлагаар оролцох ёстой хүмүүс ажгуу.

Хуульч О.Алтангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж