”Та дарга болох уу” гэнэ үү

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

”Та дарга болох уу” гэнэ үү

Сонгинохайрxан дүүргийн Ардчилсан намын хорооныхон “Мөрөөдөл бүртгэх өдрүүд” нэртэй аян өрнүүлж, гишүүддээ захидал илгээжээ. Хүмүүс захидлыг нь аваад юу хүсч мөрөөдөж буйгаа илэрхийлсэн хариу захидал илгээх ёстой гэнэ. Гэхдээ аян зөвхөн АН-ын гишүүний батлах өвөртөлсөн хүмүүст хамаатай. Иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлэх, амьдрах орчныг сайжруулахтай огт холбоогүй болохоор тэр юм. Захидал “Та улс төрд оролцохдоо зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөө тууштай зүтгэж чадвал таны өмнө амжилт,ялалт ирэх болно гэдгийг баттай хэлье. Та мөрөөдлөө бичиж саналаа бидэнд ирүүл. Таны саналтай зөвхөн намын удирдлагууд танилцах бөгөөд өөр хэн ч үзэхгүй, нууцыг чинад хадгалах болно” гэж эхэлнэ. Харин дараа нь УИХ, дүүрэг, нийслэл, ИТХ-ын сонгуульд ямар хэлбэрээр оролцох хүсэлтэй байгаагаа ирүүлэхийг хүсчээ. Намын хорооны гишүүд сонгуульд нэр дэвшиж болохоос гадна сонгуулийн сурталчилгаа, сонгууль зохион байгуулах ажлын хэсэгт ажиллах боломжтой аж. Энэ мөрөөдлөө бичээд л болно.

Хамгийн сонирхолтой нь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооныхон “Хэрвээ сонгуульд манай нам ялбал та ямар албан тушаалд дэвшихийг хүсэж байна вэ” гэсэн асуултад хариулт авахыг хүссэн байх юм. Бүр хүснэгт гаргачихаж. Хүснэгтийг харж байгаад ямар албан тушаалд очихыг хүсэж байгаагаа сонгох бололтой юм. Хамгийн эхэнд “Хувийн хэвшилд ажилладаг бол дэмжлэг авч болно” гэжээ. Дараа нь “Дүүргийн ЗДТГ, харьяа байгууллагын дарга болох уу, ажилтнаар очих уу”  гэж асуусан байна. Дарга болох хүсэлтэй хүмүүст дүүргийн  ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, төрийн байгууллага, улсын өмчит үйлдвэрийн газар гэсэн таван сонголт байгаа гэнэ. Дүүргийнхээс гадна нийслэлийн ЗДТГ, төрийн байгууллага, улсын үйлдвэрийн газар, агентлаг, нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газрын даргаар очих сонголт ч байна билээ. Харин хамгийн сүүлд нь “Яам, агентлагт даргаар дэвших үү, ажилтнаар очих уу” гэсэн асуулт байсан. Нэг ёсондоо “Мөрөөдөл бүртгэх өдрүүд” нь  дарга болохыг мөрөөддөг хүмүүст зориулсан аян ажээ. Бас “Та сонгуульд идэвхтэй оролцоорой. Дарга болгоно шүү” гэсэн уриалга гэж дүгнэж болох юм. Хэрвээ 2012 оны сонгуульд АН ялалт байгуулбал дарга болох хүсэлтэй намын гишүүдийн дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөх бололтой.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж