Чишш! Тохиролцоо хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Чишш! Тохиролцоо хийж байна

Тулаан рингний гадна өрнөж эхэллээ, Ерөнхий сайд аа. Та харж байна уу. УИХ-ын нэр бүхий есөн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналаа чуулганы танхимд “ёс бусаар” өргөн барьсан тэр орой Ерөнхий сайд хэсэг нийтлэлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлсэн. Тэр үеэр огцруулах бичиг хүлээн авсан “сэтгэгдлийг” нь Ерөнхий сайдаас сонсохдоо нүүрний хувирал, дууны өнгө, бүх талаас нь шинжиж ахуйд С.Батболд жигтэйхэн цовоо хөгжүүнээр, өнөөх л дипломат инээмсэглэлээ тодруулсаар  “Рингэн дээр гарсан тамирчин шиг байна” хэмээн хэдэнтээ давтан хэлж билээ. Харин одоо МАН, МАХН-ын хоорондын тулаан рингээс хальж, хэвлэлийн хуудаснаа, теле­визийн сувгаар “нүдэлдэх” болов. Тэдний яриа хөөрөө, хязгааргүй хонзогносон улай­ралд хил хязгаар, ёс зүй ч алга. Яг л гудамжны нохой зодоон болоод явчихлаа. Үүнд хяналт алга. Уг нь тэд нэгэн цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, гишүүн асанууд. Нуух хаах зүйл ч олон бий.

Бас нэг сонирхолтой асуудал гэвэл Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “сүнс нь зайлчихав уу” гэлтэй жигтэй нам гүм байна.

Эгээ л дэвжээний шүүгч аятай Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын маш хурдтай ээлжит цохилтуудыг ажиглахгүй өнгөрүүлчих вий гэсэн шиг анаж суугаа нь тэр. Цаадах чинь хэнтэй нь хавсарч, хэнийг “хамгаалвал” ашигтай вэ гээд тооцоо бодож буй. Олон жил ажиж, ашигтай хөдөлж сурсаны хувьд дуугүй байхаас яах вэ. Одоохондоо Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын оноо ижил байна. Хэн нь ч угсраа цохилт хийж мэднэ. Тэрхүү давхар цохилт дунд нь У.Хүрэлсүх өөрөө ч хамт явчихаж мэдэхээр байна шүү дээ. Тэр ч байтугай Засгийн газар тэр чигээрээ Ардын намын удирдлагууд бүхлээрээ хүссэн ч, эс хүссэн ч Н.Энхбаярын урхинд орж ирэх нь. Энэ тохиолдолд тохиролцохоос өөр аргагүй. Магадгүй, тохиролцоогоо хэдийнэ хийгээд эхэлчихсэн учраас Н.Энхбаяр С.Баяр, У.Хүрэлсүх нарыг “илж” өнгөрөөд фокусаа хамгийн сонирхолтой объект болох Ц.Нямдорж дээр тааруулсан байж болох юм.

Одоо хамтарсан Засгийн газарт ч, Ардын намынханд ч Н.Энхбаяртай хадагтай тохиролцоо хийхээс өөр гарц байхгүй. Тохиролцоо бүхэн үнэ цэнэтэй, бас гарз, хохиролтой байдаг шүү дээ. Энэ удаа тэд “Парламентын брэнд”-ээ тавиад туухыг ч байг гэх газаргүй. Учир нь үүний цаана асар том эрх ашиг яваа. С.Баярын төрүүлсэн стандарт бус Засгийн газар амжилт олохгүй бол, С.Батболдын шинэчилсэн Ардын нам хагарч бутарвал энэхүү золиосны дэргэд юусан билээ. Ядахдаа Засгийн газар дахь Ардын намынхан хийгээд өнөөгийн Ардын намын Удирдах зөвлөл тэр чигээрээ Н.Энхбаярын гараар дамжсан бүтээгдэхүүнүүд байгаа. Зөвхөн Ц.Нямдоржид гэлтгүй намын даргаас эхлээд бүгдэд нь мартсаныг сануулах жагсаалтаа цаадах чинь өдийд гаргачихсан байгаагаа бараг өөрөө хэлчихлээ шүү дээ.

Таван жилийн өмнө Ц.Эл­бэгдоржийн Засгийн газрын арван гишүүн Н.Энхбаярын тушаалаар огцрох өргөдлөө өгч байсныг санаж байна уу. Тэр дунд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ч байсан. Ц.Нямдорж намынхаа нэр хүндийн төлөө бол амиа өгөхөөс буцахгүй үнэнч гишүүн нь. Энэ удаад ч тийм үнэ цэнээр бол сандлаасаа зуураад байхааргүй сийрэг толгойтой улстөрч шүү дээ. Тэгээд ч намын дарга С.Батболд  Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын сөргөлдөөн тоглоом биш болж, Засгийн газар хийгээд намын нэр хүндэд аюул заналхийлэл учруулж байгааг анхааруулж эхлээд байгаа нь лавтай. Тодхон санаж байгаагаар Н.Энхбаярын үед л лав иймэрхүү эгзэгтэй үед Ардын намынхан гайхамшигтай нягт зохион байгуулалтад ордог байсан. Тэгэхээр Н.Энхбаяр гайхалтай удирдагч төдийгүй туршлагатай тохиролцогч байх нь. Харин одоо Н.Энхбаярын өмнө буулт хийхэд Ардын намаас хэн нь хэлэлцээрийн ширээний ард суух бол. Хэргийн эзэн Ц.Нямдорж уу. Ардын намын дарга С.Батболд уу. Аль эсвэл У.Хүрэлсүх үү.

Уг нь Н.Энхбаяр, Ц.Нямдорж нар хоорондоо тохиролцох нь хамгийн зөв баймаар. Хоёулаа адилхан хагас зуун жил шахам төрд зүтгэчихээд, хэн нь хэдэн байшинтайгаа хүүхдүүдийн өмнө дэлгээд сууж байна гэдэг шившигтэй л харагдаж байна. Харин С.Батболдын хувьд “багшийгаа шүүх гэж байгаа шинэхэн хуульч” шиг л дипломат аргаар хэлэлцээр хийх болно. Яг л бүргэд, чогчиго хоёр шиг. У.Хүрэлсүх бол аюултай. Хөшигний цаана юу яриад, ямар наймаа хийгээд гарч ирэхийг нь тэнгэр л мэдэх байх. Ямар ч байсан Н.Энхбаярын өдөөн хатгалгыг өдөр тутмын үйл явдал, тоглоом шоглоом гэж үзэж болохгүй цаг иржээ. Дахин хэлэхэд тоглоомыг дуусгахын тулд тохиролцохоос өөр аргагүй. Чишш! Тохиролцоо хийж байна…

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж