Дархан-Уулын Засаг дарга ард иргэдтэйгээ уулзжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Дархан-Уулын Засаг дарга ард иргэдтэйгээ уулзжээ

Дархан-Уул аймгийн Засаг дарга, түүний тамгын газар, хэлтэс агентлагийн дарга нар өнгөрсөн долоо хоногт сумдад ажиллаж, нийт ард иргэдэд ажлаа тайлагналаа. 2011 онд Дархан хот байгуулагдсан түүхт 50 жилийн ой тохиож, энэ утгаараа бүтээн байгуулалтын олон ажлууд тус аймгийн хэмжээнд өрнөсөн болохоор аймгийн Засаг дарга аль аль салбарт хийсэн гэх зүйлтэй, хэлэх үгтэйгээр иргэдтэйгээ уулзсан байна. Үүнд, “Дархан-50” цогболборыг ашиглалтанд оруулсан. Үйлдвэр технологийн парк байгуулагдаж байна, эх нялхасын оношилгооны төв байгуулна. Дархан-Газрын тос нефть боловсруулах үйлдвэр, 2000 хүний суудалтай спорт цогцолборын шавыг тавьсан гээд уулзалтын эхэнд сум, баг бүр дээр илтгэл тавьж, ажлаа тайлагнасан юм. Уламжлал болсон энэхүү уулзалтаа 8000 гаруй хүн амтай Шарын гол сумаас эхлүүлжээ. Шарын гол суманд тулгамдсан асуудал олон байна. Ажлын байр, бүтээн байгуулалт, уул уурхай дагаж амьдарсан иргэдийн эрүүл мэндийн асуудал гээд уулзалтын үеэр хөндөгдсөн сэдэв олон байв. Эдийн засаг тэлж байна гэж байгаа ч иргэдийн амьдрал ядруу хэвээрээ байна гэсэн асуулт уулзалтын салхийг хагаллаа. Засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байгаа хэдий ч чанар, гүйцэтгэл дээр анхаарах хэрэгтэйг ч иргэд сануулаад амжсан. Учир нь улсын төсвийн 100 сая төгрөгөөр хийгдсэн 400 метр замын шинэчлэлийн ажлын багахан хэсэгт технологийн алдаа гарсан нь олон иргэдийг бухимдуулсан аж.  Үүний зэрэгцээ сүүлийн үед тус суманд хүний амь эрсэдсэн тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Санаа зовохгүй өнгөрөх иргэд ч алга. Керамзитын үйлдвэрт осол гарч нэг хүн амиа алдсан бол энэ долоо хоногт хувиараа алт олборлодог байсан иргэн тогтоол усанд осолдож, нас барчээ.  Алтны нинжа нарын тогтоол усанд осолдсон нь энэ жилийн хувьд хоёр дахь тохиолдол болж байгаа нь энэ. Тиймээс цагдаагийн даргаас, аймгийн удирдлагуудаас энэ тухай лавлах хүн олон байсан аж. Төвөөс алслагдсан багийн дэд бүтцийг бий болгох асуудал ч тулгамдаж байна. Архидалт ч энэ сумыг тойрсонгүй ээ. Хийх ажилгүй залуус архи ууж, өдрийг өнгөрөөж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Сумын хэмжээнд нийтийг хамарсан ажил зохион байгуулж, тэднийг татан оролцуулахаар болсон байна. Шарын голынхон аймгийн хэмжээнд хийгдсэн ажилд сэтгэл хангалуун байгаагаа ч илэрхийлээд амжсан. Уулзалт болгон дээр яригддаг, иргэний бүртгэлийн асуудал, төрийн албаны ажилчдын хариуцлага, томилгоо гээд иргэд олон зүйлийг сонирхож байсан.

У.Гэгээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж