
Мэжор лиг бэйсболын Дэлхийн цувралд “Сэнт Льюис Кардиналс” баг ялалт байгуулж, баяраа тэмдэглэснээс хойш ердөө гурав хоногийн дараа багийн менежер Тони Ла Русса зодог тайлж байгаагаа мэдэгдлээ. Өнгөрсөн ням гаригт л тэд өөрийн хотдоо баярын парад зохион байгуулж, таван жилийн дараах түрүүгээ хотын иргэдтэйгээ хуваалцсан юм. Гэхдээ энэ баярт үйл явдлын маргааш өдөр нь буюу орон нутгийн цагаар даваа гаригт Тони Ла Русса багаа орхих шийдвэр гаргасан тухайгаа дуулгав. Энэ жил 67 настай Ла Русса 33 жилийн замналдаа цэг тавьж буй тухайгаа олон шалтгаантай холбон тайлбарлажээ. Товчхондоо бол цаг нь болсон гэнэ. Түүний хувьд байж болох бүхий л амжилтын оргилд хүрсэн. Тони Ла Русса 1989 онд “Оаклэнд Атлетик” багийн хамтаар Дэлхийн цувралд ялж байсан бол “Кардиналс”-ыг 2006 болон 2011 онд аваргын цомд хөтөлснөөр бүх цагийн үеийн түүхэнд хожлынхоо тоогоор гуравт бичигдэх болсон юм. Тэрбээр дахин менежерээр ажиллах төлөвлөгөөгүй байгаа бөгөөд багаа өндөр амжилтад хүргэж чадсан учраас шийдвэрийг нь ойлгоно гэж бодож байгаагаа нуугаагүй. Ингэснээр “Кардиналс”-ын ерөнхий менежер 1996 оноос хойш багтаа анх удаагаа шинэ дасгалжуулагч томилох ёстой болж байна.
Score Studio