
А.Уянга “Өгөх өдөр” ТББ-аас гадна “Wisdom” кино продакшныг үүсгэн байгуулагч. Тэрбээр саяхан Монголын кино урлагийн ертөнцөд тэсрэлт болсон “Бодлын хулгайч” киног продюссерлосон. “Үндэсний өгөх өдөр”-тэй болсны нэг жилийн ой “Бодлын хулгайч” кино дэлгэцэнд гараад удаагүй үетэй давхацлаа. Тус уран бүтээлийн эхний долоо хоногийн орлого буюу 20 сая төгрөгийг киног бүтээгчид “Өгөх өдөр”-т зориулахаар болжээ. Тэд нийслэлийн 25 дугаар дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад ирэх сарын 1-нд буюу өнөөдөр автобус бэлэглэнэ. 25 дугаар сургуулийн хүүхдүүдийг хичээлд нь хүргэх зориулалттай микро автобусыг долоон жилийн өмнө Герман улсын ЭСЯ-ныхан хандивлажээ. Ихэвчлэн гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн баяр баясгалангийн салшгүй нэг хэсэг болсон энэхүү унаа хуучирч муудса тул “өгөх өдөр” ТББ-ынхан ийнхүү шинэ автобусаар бэлэг барих гэнэ. Мөн бөөрний дутагдал хэмээх өвчнөөр олон жил шаналж буй Г.Баттөрд тусламжийн гараа сунгахаар шийджээ. Энэхүү сайн үйлсийг “Мэргэн” бизнес группийнхэн дэмжиж 10 сая төгрөг хандивлажээ. Түүнчлэн өнөөдөр “өгөх өдөр”-ийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын эхний цагийн хичээлийг бусдад сайхан сэтгэлийн дэм үзүүлэх, хэн нэгэнд урмын сайхан үг хэлэх, инээмсэглэл бэлэглэх, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах, ер нь бусдад өгөх, өглөг хайрлах тухай сэдэвтэйгээр явуулах талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллахаар болжээ. Үүнээс гадна дуучин Сэрчмаа, Номин-Эрдэнэ нар үндэсний “Өгөх өдөр”-ийн сүлд дууг дуулах юм. Тэд монголчуудын маань сайн мэдэх “Хүмүүс ээ, надад урам хайрла” хэмээх шүлгээр бүтсэн дууг тун удахгүй олны хүртээл болгоно. Үндэсний “Өгөх өдөр”-т нэгдэж сайн үйлс бүтээх хүсэлтэй хүмүүст дуулгахад Голомт банкны 1605010007, ХААН банкны 5003604174, Худалдаа хөгжлийн банкны 499180209 төгрөгийн дансаар хандив өргөх боломжтой аж.
“Үндэсний өгөх өдөр”-ийг нэг жилийн ойн баярын мэнд хүргэе. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй.